Дэлхий нийтээр..
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Дорждамбын Зүмбэрэллхамын даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, шинэ даргаа сонголоо.
Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо. Түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам хүлээлгэн өгч, ажлын амжилт хүсэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхийн шинэтгэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлж, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж, нийт алба хаагчдаа чадавхжуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ренчиндоржийн Онончимэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга болж буй юм.

Ренчиндоржийн Онончимэг нь 1996-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч(бакалавр), 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр, 2005-2007 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, 2009-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний орчуулагч(бакалавр)-ийн мэргэжлийн зэргийг тус тус хамгаалсан. 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторантурт элсэн суралцаж байна.
Түүнчлэн 2001-2003 онд Монголын Нотариатчидын танхимд Архивч, мэдээллийн албаны ажилтан, 2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч 2017-2021 онд Монголын Нотариатчидын танхимын Ерөнхийлөгч, Нийслэлийн тойргийн нотариатч, 2021 оны 11 дүгээр сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2022 оны 12 дугаар сарын 22-оос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

ШЕЗ-ийн Хэвлэл мэдээллийн хэлтэс
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2024/04/25
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн м...
-
Дэлхий нийтээр..2025/11/05
Б.Батбаатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, а...
-
Дэлхий нийтээр..2023/10/27
Ерөнхий cайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистан Улсын Ерөнхий cайд А.Н.Ариповтай уулзлаа
-
Хэн юу хэлэв...2020/03/27
С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцг...
