Дэлхий нийтээр..
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Хуралдааныг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэлэв.
Тэрээр хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нэлээдгүй ажил, арга хэмжээг Үндэсний зөвлөлийн гишүүд болон бусад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласан болохыг онцолж, 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээнээс дурдсан юм.
Тухайлбал, Улсын хэмжээнд нийт 1879 гаруй эрх зүйн хөтчийг бэлтгэн чадавхжуулсан бөгөөд эдгээр эрх зүйн хөтөч нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажилласан.
Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаараар 1546 иргэнд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх Чатбот үйлчилгээгээр 548 иргэнд, мессежбот үйлчилгээгээр дамжуулан “Гэр бүлийн хүчирхийллийн талаар” нийт 2500 иргэнд тус тус хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.
Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй нийгэм форум, Иргэдийн оролцоо II төсөл, ХБНГУ-ын Хансс-Зайделийн сан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага зэрэг донор байгууллагатай хамтран эрх зүйн сургалтын платформ, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”, “Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт” зэрэг олон ажлыг зохион байгуулсныг онцолсон юм.
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2022 оны биелэлт болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар гишүүд хэлэлцэж, цаашид гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах замаар хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Хуралдааны төгсгөлд Үндэсний зөвлөлийн даргаас гишүүдэд хандаж, эрх зүйн мэдлэг, мэдээллийг бага наснаас нь эхлэн олгох, мэдээллийн усргалуудын уялдаа холбоог сайжруулахаас гадна шинэлэг санал, санаачилга гаргахад онцгой анхаарч бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
