Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэн боловсруулснаа онцлов. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхнэ гэж мэдэгдлээ.
2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан гэж Сангийн сайд мэдэгдлээ. Мөн төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулна, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.

