Дэлхий нийтээр..
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд хоёр орны харилцаа нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний суурь зарчим болон даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад суурилж буйг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга цааш нь далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд худалдаа, эдийн засгаа эрчимжүүлэхэд далайд гарц, тээврийн таатай орчин нэн чухал. Иймд хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавиад энэ нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцлов.
Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэллээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж байна гээд онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцов.
Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга урив.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Үйл явдал2022/03/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2026/08/12
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
-
Дэлхий нийтээр..2021/05/04
Улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа сэрээн босгоход чиглүүлэх нь зүйтэй гэ...
-
Дэлхий нийтээр..2022/02/09
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд
