Дэлхий нийтээр..
Гамшгийн аюулыг зарлан мэдээлэхтэй холбоотой үндэсний стандартуудыг боловсруулж, батлууллаа
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага” MNS 6979:2022, “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа” MNS 6980:2022 стандартыг үндэсний стандартчиллын тогтолцоо MNS 0001-2:2006 “Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм”-ийн дагуу боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн С/39 дугаар тушаалаар батлууллаа.
“Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага” MNS 6979:2022 стандарт нь зарлан мэдээллийн системийн төлөвлөлт, ажлын байрны эргономикийн ерөнхий шаардлагыг тогтоож, ажиллах тохиромжтой нөхцөл шаардлагыг бий болгох зорилготой юм.
Стандарт батлагдсанаар гамшгийн аюулын зарлан мэдээлэх системийн техникийн ерөнхий шаардлагыг тодорхойлсон баримт бичигтэй болж, төсөл хөтөлбөр, зээл тусламжаар нийлүүлэгдэх, худалдан авч байгаа зарлан мэдээллийн техник хэрэгсэлд ижил шаардлага тавигдаж, Монгол орны цаг агаарын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал, дэд бүтцийн онцлогт тохирсон техник хэрэгсэлтэй болох, ашиглалтын зардал багасах, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах, тоног төхөөрөмжийн техникийн хүчин чадал ижил түвшинд хүрч албаны бэлтгэл, бэлэн байдал дээшлэх боломж бүрдлээ.
Харин “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа” MNS 6980:2022 стандарт нь бүх нийтэд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцыг нэгдсэн загварт оруулах зорилготой юм.
Энэхүү стандарт батлагдснаар системийн үйл ажиллагааг тодорхойлсон эрхзүйн баримт, бичигтэй болж, иргэдэд зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, бэлэн байдлыг хангах цаг хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/08/12
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
-
Дэлхий нийтээр..2024/08/21
Хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг танилцуулав
-
Дэлхий нийтээр..2023/09/08
Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх ...
-
Дэлхий нийтээр..2025/06/06
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогто...
