Дэлхий нийтээр..
Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ
Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК хариуцан ажилладаг.
Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ.
Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, дулааны улирал эхлэх үед халаалт түгээхэд саадгүй бэлэн болгохоор зорин ажиллаж байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан. Магистраль шугамуудыг шинэчлэн, өргөтгөх ажлыг хийх ба үүнээс гадна есөн багц шугамд нягтын туршилт хийж, засварлана. Магистраль тус бүрээсээ шалтгаалж засварын ажил нь 7-14 хоног үргэлжилнэ” гэв.
Мөн Эрчим хүчний Яам, Сангийн яам, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран 2021-2025 он хүртэл "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын хугацаа дууссан 12.8 километр урт дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж.
Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 2.8 километр урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэг километр урт 3г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Энэ талаар тус төслийн зохицуулагч Э.Мөндөр “5а магистраль шугам буюу дулааны III цахилгаан станцаас Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллеж хүртэлх ил шугамыг буулгаж, өргөтгөнө. Маш том хэмжээний ажил тул таван хэсэгт хуваан, тендер зарласан. Тендерт шалгарсан компаниуд өчигдрөөс ажилдаа орохоор бэлтгэл хангаад байна. Харин 3г магистралийн хувьд Дунд голын гүүр орчмоос Барсын гүүр хүртэл үргэлжлэх ил шугамыг газрын гүнд байршуулна. Ингэхдээ Алтай хотхон, Эрчим хүчний яам орчмын байруудын халуун усыг 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд хязгаарлах юм” хэмээв.

Дулааны шугам хоолойн дулаалгад шилэн хөвөн ашигладаг бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангаж зориулалтын хувцас хэрэглэл, маскаар бүрэн хангажээ. Мөн засварын ажлаас гарсан шилэн хөвөнгийн хог хаягдлыг ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдалд хохирол учруулалгүй тусгай хогийн уутанд хадгалан, хортой хог хаягдлын цэгт тушаадаг гэдгийг тайлбарлаж байлаа.
Ийнхүү ашиглалтын хугацаа дууссан шугамыг шинэчлэн сольсноор 30 жилийн турш ашиглах боломжтой. Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваар саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосын станц зэргийг үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөжээ. Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх юм.

Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
