Хэн юу хэлэв...
Соёлын сайд аймгийн Засаг дарга нартай уулзаж, соёлын салбарын сэргэлтийн бодлогоо танилцуулав
Соёлын сайд Ч.Номин энэ сарын 18-нд Төрийн ордонд аймгийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзаж Соёлын салбарын бодлого, орон нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.
Аймгийн удирдлагуудтай хийх уулзалт жил бүр болдог бөгөөд энэ жил “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхэлсэн, мөн аймгууд Соёлын хэлтэстэй болсон зэргээр Соёлын яам орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах цар хүрээ улам өргөжсөн юм. Энэ өөрчлөлтийн хүрээнд соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд аймгууд шууд оролцоотой, Соёлын яамтай байнгын харилцаа холбоотой ажиллах ёстой болж байгаа юм.
Энэ уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин: “Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Соёлын салбарын бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд ханган ажиллахад Та бүхний оролцоо, хамтын ажиллагаа маш чухал болж байгаа.
Өнгөрсөн онд соёлын салбарынхаа бодлого, эрх зүйн шинэчлэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж, анх удаа соёлын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй байсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг салбарын гурван ч хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан.
Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор бид Үндэсний бахархал, эв нэгдлийн сэргэлт, Соёлын дархлааны сэргэлт, Соёлын эдийн засгийн сэргэлтийн 3 тулгуурт бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.
Салбарын стратегийн зураглалаа гаргахдаа бид “Алсын хараа-2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан тус салбарт хамаарах зорилго, зорилт болон Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Соёлын тухай хууль, бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон.
Цогц бодлого, эрх зүйтэй, дижитал үйл ажиллагаатай, мэргэшсэн хүний нөөцтэй, соёл гэгээрлийн үйл ажиллагаа нь хүртээмжтэй, соёлын өвийн дархлаатай, урлаг, уран бүтээлээр тэргүүлэх байр суурьтай, стандартын шаардлагад нийцсэн соёлын байгууламжтай, үр ашигтай бүтээлч үйлдвэрлэл, олон талт соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.
Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд та бид өнгөрсөн 2021 онд анх удаа хамтран ажилласан бөгөөд энэхүү бодлого, зарчим, стратегийн хүрээнд энэ онд хамтран ажиллах гэрээг боловсруулсан” гээд соёлын салбарын сэргэлтийн бодлогоо танилцуулж, аймгийн удирдлагуудын асуултад хариуллаа.
Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахдаа Соёлын сайд Ч.Номин:
- Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл,
- Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл гэсэн үндсэн хоёр чиглэлийг баримтлан ажиллана гэдгээ мөн хэлсэн юм.
Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл: Соёлын яам нь соён гэгээрүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2022 онд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн таван зорилтын нэг болох ёс зүйтэй төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Тоймловол, соёлын салбарт иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, ёс зүйтэй хандлага ба шийдвэр гаргалт, шаардлага хангасан сонгон шалгаруулалт, ёс зүйг болон сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд орон нутагт ч уялдаатай хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн.
Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд сургалтууд зохион байгуулах, төрийн албаны салбар зөвлөл болон яамны аппаратаар дамжуулан ёс зүйн зөрчил, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх юм. Мөн яамны сургалтын төлөвлөгөөнд ёс зүйтэй төрийн албыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл: Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг төсвийн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан салбарын байгууллагуудын үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа юм.
Төсвийн шинэчлэлийг хийснээр төсвийн хөрөнгө үр өгөөжтэй, оновчтой зарцуулах тогтолцоо бүрдэх, үр дүнд суурилсан уян хатан санхүүжилтийн аргачлал үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Орон нутгийн соёлын байгууллагууд хагас бие даасан байдлаар төсвөө зарцуулах, үр дүнгээ үнэлүүлэх боломжтой болох, соёлын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчилсэн арга хэмжээнүүд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
