Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 11 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, говь, талын нутгаар 9-14 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 1-3 хэм хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 8-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2026/05/27
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно
-
Үйл явдал2021/07/29
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2024/08/26
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
-
Үйл явдал2026/05/22
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цаг...
