Хэн юу хэлэв...
Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна
Франкфуртын Таунус дүүргийн уншигчдад үлдээсэн сэтгэгдэл

Майн-Таунус тойрог нь Франкфурт хотын бүсийн нэг хэсэг юм. Энэ нь ХБНГУ-ын хүн ам шигүү суурьшсан хоёр дахь хөдөөгийн дүүрэг гэдгээрээ онцлог.

Цар тахлын хорио цээрийн дэглэм Германд ч хатуу мөрдөгдөж, оролцох хүний тоог хязгаарлах, танхимд олон хүн цуглуулахгүй байх, вакцинд хамрагдсан гэрчилгээг үзэж нэвтрүүлэх зэрэг хяналт шалгалт ихтэй ч уулзалтууд амжилттай үргэлжилж байна. Монголын байгаль, өв соёл, ахуйг танилцуулсан бичлэгүүдийг сонирхсон уншигчдын харц, номын ишлэл хэсгийг гадаад хүний аялгагүйгээр цэвэрхэн унших монгол охиныг анхааран сонсож буй байдал, номын зохиогчийн ярианд хөгжин хөхрөлдөх чимээ зэрэг нь уулзалтын уур амьсгалыг дотно болгож байлаа. Германд 20 гаруй жил уран бүтээлээ туурвин, Монгол Улсын үндэсний урлагийг сурталчилж байгаа “Хөх Монгол” хамтлаг Д.Тэрбишдагвын номын танилцуулгыг дэмжихээр Баваарын Инголштадт хотоос хүрэлцэн ирж, морин хуураар нутгийнх нь аялгууг хуурдаж толилуулахад уншигчдын сэтгэл хөдөлж, хөлөө товшин, уухайлан хамтдаа дуулцгаав.

Дэлхийд улам бүр ховордож буй нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлал нь герман уншигчдын сонирхолыг ихэд татдаг аж. Тэд Монголд аялахад нөхцөл байдал ямар байгааг лавлаж, заавал очиж үзэх орон юм байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байв. Зохиогч Д.Тэрбишдагва өөрийнхөө муруй хурууг хүүхэд байхдаа шуурганд төөрч хөлдөөгөөд тахийж эдгэсэн тухай түүхээ ярьж, түүнийгээ засч, янзлуулах бодол огт төрдөггүй, харин ч “ямарч бэрхшээлд нугарч болохгүй” гэж надад сануулдаг хэмээн өгүүлэхийн зэрэгцээ Монголын байгалийг нүдэнд харагдтал дүрслэн ярив. Монгол хүн эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицон амьдарч, буух газар, өвөлжөө, хаваржаагаа сонгох гээд олон зүйлийг байгалиа харан шинжиж шийддэг, шагайгаар мэргэлдэг, хүүхдийг цочиж айхаар ширгэлдэг, төрсөн газраа хөрвөөж, өөрийгөө цэнэглэн эрч хүч авдаг гэж өгүүлэх нь герман уншигчдад содон байгаа бололтой дэлгэцэн дээр гарах богино хэмжээний киноноос нүдээ салгахгүй ширтэх нь олонтаа.

Цэцгэн дунд нээгдсэн монгол хүний ном

Танус дүүргийн төв захиргаанд болсон уулзалтын дараа Цэцгэн хүрээлэнг зорьцгооё гэж Монголын өргөмжлөлт консул Д.Файл өгүүлэв. Цэцэгсийн хүлэмж, цэцгийн дэлгүүр дотор номын танилцуулга хийж, унших нь өвөрмөц санагдсан төдийгүй олон зуун төрлийн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиж, өнгө бүрийн тансаг өнгө солонгорч, бүх хүний анхаарал төвлөрсөн нам гүнд Т.Одсүрэнгийн үйл явдалдаа тохируулан донжийг нь тааруулан унших айзам хэмнэл танхимыг чимж байлаа. Д.Файл нь Монгол Улсын өргөмжлөлт консулаар 25 жил ажиллаж байгаа бөгөөд Германы Хессен мужийн Парламентын дэд ерөнхийлөгч, мужийнхаа Чөлөөт ардчилсан намын дарга зэрэг алба хашиж байсан нэртэй улстөрч, хуульч хүн юм билээ.
Д.Файл гуай монгол үндэсний хөх пүүсүү материалтай дээл өмсч, тоорцгон малгай духдуйлан, хэт хутга зүүж, монгол гутлаар гоёсон байлаа. Тэрээр энэ удаагийн номын уулзалтыг Шёнек хотод “Блюменхаус Мюллер” цэцгэн хүрээлэнд зохион байгуулсан юм. Сарын өмнөөс номын танилцуулга арга хэмжээ болно хэмээн цэцгийн дэлгүүрийнхээ үүдэнд зар тавьж, сонирхсон хүн болгон ирэхэд нээлттэй гэж бичжээ. Цар тахлын үе учир 50-иас илүү хүн ирэхгүй байх гээд суудал засч бэлдсэн байсан ч 100 гаруй уншигч, сонирхогчид зорьж ирсэн бөгөөд урт сандлууд нэмэлтээр тавьж, зарим нь зогсоогоороо оролцов. Шинэ номтой танилцах, түүний хэсгээс уншиж сонирхох соёл энэ оронд өргөн дэлгэр тархаж, үнэхээр номонд дуртай хүмүүс юм гэсэн бодол төрүүлж байлаа. Герман уншигчдын номын зохиогчтой уулзах хүсэл, номондоо гарын үсэг зуруулах тэмүүлэл, номонд хандах хүндэтгэл зэрэг нь үнэхээр гайхалтай. Номын зохиогч Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд Д.Файлын өмссөн хувцас бүрийг нэгбүрчлэн танилцуулсан юм. Мөн монгол хүн хэт хутгыг хэрхэн зүүдэг талаар номондоо бичснээ бас нэгэн хөгжилтэй дурсамж хүүрнэв. Тэрээр Монгол Улсаас ХБНГУ-д суух бүрэн эрхэт элчин сайдаар томилогдон ирээд итгэмжлэх жуух бичгээ Германы ерөнхийлөгчид бараалхан өргөн барихаар монгол хувцасыг иж бүрнээр нь өмсөн хэт хутга зүүж очжээ. Гэтэл хамгаалалтын албаныхан хутга зүүсэн хүн дотогш өргөөнд нэвтрүүлэхгүй гэхэд номын зохиогч муугийн дэггүй үйлдэл биш, Монголын соёл гээд монгол эр хүн хэт хутга хэрхэн зүүдэг уламжлалыг нарийн тайлбарлаж, зочноо, тухайн айлаа хүндэтгэн хутгаа бүснээсээ сугалж, унжуулж ордог тухайгаа учирлахад удирдлагадаа танилцуулан зөвшөөрчээ. Тухайн цаг үед АНУ-д халдлага болж хоёр өндөр цамхагийг бөмбөгдсөн эмгэнэлт үйл явдал болоод удаагүй байсан учир Германы төр захиргааны байгууллагын хяналт илт чангарсан байсан ч Монгол соёл, зан заншил хэмээн хүндэтгэн нэвтрүүлснийг германы уншигчид сонсоод инээлдэж, та тэгээд хүссэнээрээ орж чадсан гэж үү хэмээн лавлаж байлаа.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2022/03/29
Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар холбоно
-
Чөлөөт бүс2023/01/09
Хүүхдийн дархлаа сэргээх цэгэн иллэг...
-
Хэн юу хэлэв...2020/09/23
УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа
-
Үйл явдал2022/10/27
Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
