Өнөөдөр
БГД-ийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, дүүргийн ИТХ-ын дэгийн 4.8-д зааснаар хуралд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс танхимаар 23, цахимаар 15 төлөөлөгч оролцож 92 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
-Хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
-Өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай
-Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай
-ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 3-р улирлын үйл ажиллагааны тайлан болоод БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүнд эрх бүхий албан тушаалтныг нэмэх тухай болон бусад асуудлыг танилцуулан хэлэлцэв.
Хурлын үеэр БГД-ийн 220 гаруй мянган хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай томографын аппарат авах хүсэлтийг холбогдох газарт илгээх асуудлыг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжлээ.
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хуралдааныг хааж хэлсэн үгэндээ: Бүхий л салбарт холбогдох чиг үүргийн байгууллагууд маань хичээн ажиллаж байгаад дүүргийнхээ мянган мянган иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!
“Ямар ч цаг үед иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх үүргийнхээ хүрээнд бид дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалт, засвар арчлалтын ажил болоод, төсөв санхүүтэй холбоотой нарийн асуудлууд, өвөлжилтийн бэлтгэл ажил, ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлж буй мэргэжлийн байгууллагуудын арга зүй зэрэг амин чухал асуудлуудаар хуралдаж, холбогдох тогтоол шийдвэрээ гаргалаа.
Улс оронд маань үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулж, төрийн дээд байгууллагуудаас гарч буй тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бүх нийтийг дархлаажуулах, өвдсөн иргэдээ эмчлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх зэрэгт бүхий л салбарт холбогдох чиг үүргийн байгууллагууд маань хичээн ажиллаж байгаад дүүргийнхээ мянган мянган иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!” гэв.
Өнөөдөр
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Өнөөдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Өнөөдөр
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл