Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тухайлбал, энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих 320 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд энэ намар 30 жилийн дунджаас ахиу ургац авах төлөвтэй байна. Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна гэв.
Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана гэдгээ тэрбээр онцоллоо. Үүнд,
-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэ хууль нь:
-Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх
-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх
-Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Дараа нь хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэллээ.
Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.
Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдаас хүслээ.


Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
