Дэлхий нийтээр..
“Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100 орчмын аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтад хамрагдсан байгууллагууд НОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлынхаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үйлчилж буй талаараа дурдаж байв. Хоол үйлчилгээний байгууллагууд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийлгэж байгаагаа албаныханд үзүүлж байлаа.
Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг “Драгон ден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн “Гадаа талбайд хүмүүс олноороо бөөгнөрснийг манайхаар үйлчлүүлээд байна гэж ойлгоод байгаа болов уу. Манайх бол хүчин чадлынхаа 50 хувиар үйлчилгээ үзүүлж байна. Хариуцлагын гэрээгээ ухамсарлаад чанга дуу тавихгүй, зааланд бүжиглүүлэхгүй, караокед дуулуулахгүй байгаа” гэв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах байцаагч Т.Баярмагнай “Тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдээр шалгалт хийхэд дийлэнх нь хүчин чадлынхаа 50 хувиар үйл ажиллагаа явуулж байна. Цөөн хэдэн баар, ресторанууд хүний тоог хэтрүүлсэн зөрчил гаргасан. Үүн дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна” хэмээлээ.
Гурван байгууллагын 3200 гаруй алба хаагч “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагааг тогтмол хийж байна.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
