Дэлхий нийтээр..
Ажлын хэсгийн гишүүд ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсний дата төв” УТҮГ-т ажиллалаа
УИХ-ын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд 2021 оны наймдугаар сарын 03-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсний дата төв” УТҮГ-т ажиллалаа.
Мэдээлэл харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжлийг дагаад аюулгүй байдлыг хангах шаардлага зүй ёсоор тавигдах болсон. НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль, эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн үзүүлэлтийн хүрээнд гаргадаг. Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий Үндэсний дата төвийг Засгийн газрын 2009 оны 183 дугаар тогтоолоор байгуулсан.

Манай улсыг чиглэсэн цахим халдлага 2013 оноос хойш эрчимжиж байгаа бөгөөд жилд дунджаар 14 тэрбум хандалт хүлээн авдгийн 4 тэрбум орчим нь халдлагын шинжтэй хандалт байдаг аж. Мөн зөвшөөрөгдөөгүй 3 тэрбум орчим хандалт байдгийг Үндэсний дата төвийнхөн хэллээ. Эдгээр цахим халдлагуудыг бүртгэх, хамгаалах нь тус төвийн үүрэг бөгөөд дөрвөн ээлжээр тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Олон улсын туршлагаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь өдөр тутам хөгжих технологийн хөгжил, тасралтгүй нэмэгдэх халдлагын төрөл зүйл, хэрэглэгч байгууллага, хүний ур чадвараас хамаарсан нарийн төвөгтэй асуудал байдаг. Чадварлаг мэргэжилтнүүдийг төсвийн цалингаар тогтоох хэцүү гэдгийг ч хэлж байна. Мөн тус төв тоон гарын үсэг олгох болон төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг хариуцдаг.

УИХ-ын гишүүүн Н.Учрал, “Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч яригдана. Төр иргэдийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд тусгасан. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг төрийн өөр өөр байгууллагад хариуцуулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг нэг байгууллага хариуцдаг байсан. Мэдээллийн бие даасан, аюулгүй байдлын төвтэй болсноор мэдээллийг хамгаалах боломж бүрдэв. Цахим засгийн хөгжил, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг хийхэд мэдээллийн технологийн шийдлээс гадна хууль, эрх зүйн орчныг таатай болгох, төрийн байгууллагуудын манлайллыг бий болгох нь маш чухал юм. Саяхныг хүртэл “яам бүр барилгын яам болсон” гэдэгтэй нэгэн адил Засгийн газрын яам, агентлаг бүр мэдээллийн технологийн бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг болжээ. Үүнээс болоод үр ашиггүй хөрөнгө оруулалт ихсэх, салбарын нэр хүнд унах, хоорондын уялдаа холбоо муутай, чанарын шаардлага хангахгүй, насжилт богинотой системүүд тал талд бий болсон.
Цахим гарын үсгийн тухай хуулийг батлаад 10 гаруй жил болж байгаа ч хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг олгосон нь маш чамлалттай.
Цахим засаглалыг хөгжүүлэхийн тулд суурь дэд бүтцийг бэхжүүлэх хэрэгтэй. УИХ-аас цахим засаглалын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод авах цаашлаад төр авлигагүй болох нь чухал. Мөн эдгээр хуулийн төслүүдийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Эдийн засаг, санхүүгийн салбарт ч ахиц гарна. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ. Мөн бид Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар зорьж байна” хэмээн онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Европын Холбооны Ерөнхий шүүх “Мета Платформс” компанийн “Мессенжер” үйлчилгээг бизнесүүд хэрэглэгчдэд хүрэх гол цахим гарц буюу зах зээлд нөлөө бүхий платформ гэж үзсэн Европын Комиссын шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Харин “Мета”-гийн “Маркетплейс” үйлчилгээтэй холбоотой хэсэгт шүүх компанийн талд шийдвэр гаргав. Европын Комисс “Маркетплейс”-ийг тусгай зохицуулалтад хамруулах үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй гэж үзсэн байна.
Шүүхийн үзсэнээр “Мессенжер” нь бизнесүүд хэрэглэгчдэд хүрэх чухал суваг тул Европын Комисс уг үйлчилгээг Дижитал зах зээлийн тухай хуулийн хүрээнд тусгай зохицуулалтад хамруулахдаа алдаа гаргаагүй аж.
“Мета” компанийн төлөөлөгч “Маркетплейс”-ийн талаарх шүүхийн шийдвэрийг сайшааж, уг үйлчилгээг анхнаасаа ийм ангилалд оруулах ёсгүй байсан нь батлагдлаа хэмээн мэдэгдэв. Харин “Мессенжер”-тэй холбоотой шийдвэрийг судалж, дараагийн алхмаа тодорхойлохоор ажиллаж буйгаа дурджээ.
Европын Холбооны Дижитал зах зээлийн тухай хууль нь томоохон технологийн компаниудын нөлөөг хязгаарлаж, өрсөлдөөнийг тэгш болгох зорилготой. Уг шийдвэрийг Европын Холбооны дээд шатны шүүхэд давж заалдах боломжтой юм.
Дэлхий нийтээр..
Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө Засгийн газраар шалгуулах захирамжид гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны хамгийн дэвшилтэт загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө Засгийн газарт сайн дурын үндсэн дээр танилцуулж, кибер аюулгүй байдлын эрсдэлийг шалгуулах тухай захирамжид гарын үсэг зуржээ.
Уг захирамжийн дагуу технологийн компаниуд шинэ хиймэл оюуны загвараа нийтэд гаргахаас өмнө АНУ-ын төрийн байгууллагуудад 30 хүртэл хоногийн хугацаанд шалгуулах боломжтой. Энэ нь заавал биелүүлэх журам бус, харин сайн дурын хамтын ажиллагаанд тулгуурласан зохицуулалт аж.
Захирамжид Сангийн яам, Батлан хамгаалах яам, Худалдааны яам, Дотоодын аюулгүй байдлын яам болон бусад холбогдох байгууллагыг хиймэл оюуны компаниудтай тохиролцоо хийхээр тусгасан байна. Төрийн байгууллагууд тухайн загвар нь кибер халдлага, чухал дэд бүтцийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд ямар эрсдэл үүсгэж болохыг урьдчилан үнэлэх юм.
Энэхүү шийдвэр нь Трампын засаг захиргаа хиймэл оюуны салбарт өмнөхөөсөө илүү идэвхтэй хяналт тавих чиглэл рүү шилжиж буйг харуулж байна. Өмнө нь тус засаг захиргаа технологийн салбарт хатуу зохицуулалт тогтоохоос болгоомжилж, АНУ-ын өрсөлдөх чадвар, инновацад саад учруулахгүй байх байр суурь баримталж ирсэн юм.
Анхны хувилбарт хиймэл оюуны загваруудыг 90 хүртэл хоног шалгах заалт тусгагдаж байсан ч эцсийн захирамжид энэ хугацааг 30 хоног болгон богиносгожээ. Зарим технологийн компани ийм төрлийн урт хугацааны шалгалт нь шинэ бүтээгдэхүүн гаргах явцыг удаашруулж, АНУ-ын хиймэл оюуны салбарын өрсөлдөх чадварт нөлөөлж болзошгүй гэж болгоомжилсон байна.
Сүүлийн үед хүчирхэг хиймэл оюуны загварууд кибер аюулгүй байдлын эмзэг цэг илрүүлэх, зарим тохиолдолд халдлагын арга замыг илүү боловсронгуй болгох эрсдэлтэй гэх анхааруулга нэмэгдсэн. Тиймээс Цагаан ордон уг захирамжийг үндэсний аюулгүй байдал, кибер хамгаалалтыг бэхжүүлэх алхам гэж тайлбарлажээ.
Гэхдээ уг зохицуулалт нь хиймэл оюуны компаниудад заавал биелүүлэх зөвшөөрлийн тогтолцоо тогтоогоогүй. Харин Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эрсдэлийг эрт илрүүлж, олон нийтэд нэвтрэхээс өмнө аюулгүй байдлын үнэлгээ хийх зорилготой гэж албаныхан мэдэгдэв.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ алхам нь АНУ хиймэл оюуны хөгжлийг хэт хязгаарлахгүйгээр үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах тэнцвэр хайж буйг илтгэж байна. Хятадтай өрсөлдөх технологийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Вашингтон хиймэл оюуны салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах, нэгэн зэрэг шинэ эрсдэлээс сэргийлэхийг зорьж буй юм.
Дэлхий нийтээр..
АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав
АНУ-д дөрөвдүгээр сард сул ажлын байрны тоо огцом нэмэгдсэн ч ажилд авах үзүүлэлт буурч, хөдөлмөрийн зах зээлд болгоомжлол хэвээр байгааг харууллаа.
Тус улсын Хөдөлмөрийн яамны “Job Openings and Labor Turnover Survey” буюу JOLTS тайланд дурдсанаар, дөрөвдүгээр сард сул ажлын байр 731 мянгаар нэмэгдэж, 7.6 саяд хүрчээ. Энэ нь 2024 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.
Гэсэн хэдий ч ажилд авсан хүний тоо өмнөх сараас 419 мянгаар буурч, 5.1 сая болсон байна. Ажилд авах түвшин 3.5 хувиас 3.2 хувь болж буурсан нь компаниуд ажиллах хүч хайж байгаа ч шинэ ажилтан авахдаа болгоомжилж буйг илтгэв.
Сул ажлын байрны өсөлтийн дийлэнх нь мэргэжлийн болон бизнесийн үйлчилгээний салбарт ногджээ. Тухайлбал, энэ салбарт ажлын байр 668 мянгаар нэмэгдсэн бол санхүү, даатгалын салбарт 134 мянгаар, зочид буудал, хоол үйлчилгээний салбарт 74 мянгаар буурсан байна.
Мөн ажлаас өөрийн хүсэлтээр гарах үзүүлэлт 1.9 хувь болж буурсан нь ажилчдын хөдөлмөрийн зах зээлд итгэх итгэл сул байгааг харуулж байна. Харин цомхотголын түвшин харьцангуй тогтвортой хэвээр буюу 1.1 хувьтай гарчээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын хөдөлмөрийн зах зээл “бага ажилд авалт, бага цомхотгол”-ын төлөвт шилжсэн хэвээр байна. Ажлын байрны зар нэмэгдсэн ч ажил олгогчид эдийн засгийн тодорхойгүй нөхцөл, зардлын өсөлтөөс шалтгаалан шинэ ажилтан авах шийдвэрээ хойшлуулж буй бололтой.
Эдийн засагчид тавдугаар сарын хөдөлмөр эрхлэлтийн тайланг анхааралтай хүлээж байна. Уг тайлан АНУ-ын хөдөлмөрийн зах зээл үнэхээр сэргэж эхэлсэн эсэх, эсвэл ажлын байрны зарын өсөлт түр зуурын үзэгдэл байсан уу гэдгийг тодруулах чухал үзүүлэлт болох юм.
-
Дэлхий нийтээр..2023/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар алб...
-
Дэлхий нийтээр..2023/05/12
Эрчим хүчний зохицуулах хороо 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа
-
Үйл явдал2023/11/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/04/26
“Сэтгүүлчдийн номын өдөрлөг” цахим яармаг, худалдаа болно
