Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо
Японд Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн.
Мөн Олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм.
-Цар тахлын энэ хүнд үед хүн төрөлхтний олимпийн их наадмыг Япон Улс зохион байгуулж байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон. 57 жилийн дараа Токиод хотод дахин олимп болж байна. Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлэх болон түүхэн талаасаа хүндэтгэл үзүүлэх нь чухал байсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцжээ. Ойн хүрээнд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, мөн Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан. Тамирчид маань олимпын гурван медаль аваад байгаад их баяртай байна. Эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр засгийн тэргүүнтэй уулзаж дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарсан. Энэчлэн олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо гэж Ерөнхий сайд дүгнэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцжээ. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, “10 аймгийн төвийн дулааны станц барих” зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Үйл явдал2020/08/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2022/02/10
Нийтийн эзэмшлийн авто зогсоолыг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгалаа
-
Дэлхий нийтээр..2025/12/02
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах тех...
-
Дэлхий нийтээр..2022/01/26
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ
