Дэлхий нийтээр..
Д.Сумъяабазар: Бүтээн байгуулалтын ажилд мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхантай уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хяналт, шалгалт хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байгаа нийт албан хаагчдад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт бол хууль. Тиймээс мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, ёс зүйтэй байх ёстой” гэлээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шударга ёсыг эрхэмлэсэн, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг санууллаа. Түүнчлэн “Цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүнд байгаа. Тиймээс хааж, торгох бус, зөвлөн туслах, дэмжих ёстой. Зүй ёсны шаардлага тавьж, хяналт тавих хэрэгтэй. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай” гэв.
Тэрбээр “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар ярилаа. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Улаанбаатар хотод эдийн засаг, эрх зүй, засаглалын хувьд шинэчлэл хийх боломжийг бүрдүүлсэн. Үүнийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Мөн Улаанбаатар хот биеэ даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж.

Хотын дарга Д.Сумъяабазар “Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй" гэв.
Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэх учраас мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй байгааг Хотын дарга онцоллоо. Тиймээс НМХГ-ын албан хаагчдаа чадавхжуулах, сургалтад хамруулах чиглэлд анхаарч ажиллахыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд даалгав. Хотын дарга Д.Сумъяабазар “Хууль, эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал хэлж байв. Мөн замбараагүй газар олголт, хот төлөвлөлт зэргийг цэгцлэх шаардлагатай байгааг дурдсан юм.
Харин Хотын дарга хууль, эрх зүйн орчныг сайжруулснаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гээд төрийн байгууллагууд дэд төвүүд рүү нүүх хэрэгтэйг хэллээ. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/20
ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч уулзлаа
-
Тод зураг2019/09/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/01/31
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
-
Дэлхий нийтээр..2021/10/07
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөө...
