Үйл явдал
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“ОХУ-ынЕрөнхийлөгч Владимир Владимирович Путин,
Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди,
Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад,
Хатагтай, ноёд оо,
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 5 дахь удаагаа зохион байгуулагдаж, чуулга уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүний хувиар 3 дахь удаагаа оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Алс Дорнодын бүс нутгийн хөгжил төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдол, нэр хүндтэй талбар, платформ нэгэнт болжээ. Чуулга уулзалтад салбар салбарын манлайлагчид хуран цуглан санал, бодлоо солилцон, түншлэн нөхөрлөдөг сайхан уламжлал тогтжээ.
Энэ удаагийн чуулга уулзалтын уриа болох эдийн засгийн өсөлтийг хурдасгах шинэ шийдэл талаас санал бодлоо хуваалцъя.
Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна.
Иргэдийн сайн сайхан амьдралын асуудлыг шийдэх шинжлэх ухаан технологийн ололт, эдийн засгийн оновчтой шийдлүүд бэлээхэн байгаа. Эдгээрийг нэвтрүүлэхэд тулгарч буй аливаа хориг, саадуудыг арилгах талаар Та бүхнийг санал бодлоо солилцож, оюун ухаанаа уралдуулахыг уриалж байна. Тухайлбал, эдийн засгийн хоршил (shared economy), холбогдолт (connectivity), нөөцийн оновчлол (resource utilization/optimization) зэрэг дэвшилтэт шийдлүүдийг бүс нутгийн орон зайд нэвтрүүлэхээр ажиллаж буй төсөл, бизнесүүдийг онцгойлон дэмжих хэрэгтэй. Мөн тэдэнд тулгарч буй аливаа саад, хүнд сурталыг арилгах талаар хугацаа алдалгүйгээр өнөөдрөөс эхэлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Миний бие энэ чиглэлийн санаачлагыг дэмжин ажиллах болно.
Гэхдээ бид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэхдээ улс төрөөс ангид авч үзэх талаар ярилцах нь цагаа олсон гэж бодож байна.

Хатагтай ноёд оо,
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад уржигдар айлчилж харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гаргасныг та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс болон ОХУ эдийн засгийн хамтын ажиллагаагаа үлгэр жишээ сайн загвар болгохыг зорьж байна.
Далайд гарцгүй манай улсын хувьд ОХУ-ын Алс Дорнодын боомтууд нь дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манай улсын газар зүйн онцлог байдлыг харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархлаа дахин илэрхийлье.
Энэ боломжийг ажил хэрэг болгох зорилгоор Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Энэхүү шийдвэр нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс нь Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно.
Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилгоор тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ОХУ, БНХАУ-тай харилцан уялдаатай хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирлээ. Энэ хүрээнд гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн коридорын ажил, төслүүд хэрэгжсэнээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, бизнесийг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болно. Иймээс Монгол-ОХУ-БНХАУ бид хамтарсан механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах санал өнгөрсөн жил энэ индэр дээр гаргасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, мөн олон улс, бүс нутгийг хамарсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь бүс нутгийн улс орнуудын цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөрөнгө оруулалт хариуцсан төрийн өмчит компаниуд энэхүү бүс нутгийн санаачлага, сүлжээнд хамрагдах төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдахад шаардлагатай ажлын бэлтгэлийг хангахаар хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Монголын Эрдэнэс Монгол компани, ОХУ-ын Россети компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичгээ байгуулсан болно.
Манай Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 том хэрэглэгч улс оршдог. Монгол Улс эдгээр улсуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байна.

Бизнесменүүдээ, Хөрөнгө оруулагчидаа,
Дээрхи сайн ажлуудаас гадна, Монгол Улс нь түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг баримталж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, гадаад улстай байгуулах хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийн төслийг баталж, бусад улстай байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэхүү загвар хэлэлцээр нь дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг илүүтэй хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хангахдаа байгаль орчин, нийгмийн хөгжлийг хамтад авч үзэх болсноор онцлог юм. Иймд манай улсад үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах сонирхолтой нөхөддөө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс идэвхтэй, нээлттэй байхыг хүсч байна. Бид хуулийн засаглал дор хамтрагч нартайгаа хамтдаа үнэ цэнэ бүтээж(value creation), шударгаар хуваалцан хөгжих болно. Бие биенээ хүндлэх зарчимд суурилсан, шудрага өрсөлдөөн, шударга худалдааны үндсэн зарчмуудад тулгуурласан, харилцан ашигтай, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн нөхцөл нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал мөн.
Итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.




Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Үйл явдал
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Үйл явдал
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Үйл явдал2026/05/26
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/07/19
ЗГ: Авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгууллаа
-
Үйл явдал2025/12/18
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2022/09/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэр...
