Дэлхий нийтээр..
Д.Амарбаясгалан: АН эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэрэгтэй
Хоёр хуваагдсан Ардчилсан нам сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулснаас үүдсэн дотоодын хэрүүл тэмцлийн бурууг эрх баригч нам руу чихэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх тухай ярьж байгаа нь эдгээр эрхмүүдийг ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж улс төр хийж байгааг гайхаж байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ.
Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах зайлшгүй шаардлага гарсан нь сүүлийн өдрүүдэд харагдаж байна.
Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж болохгүй. Ямар их хэмжээний хөрөнгө хүч,чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна.
Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж ажиллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү” гэлээ.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
