Дэлхий нийтээр..
Оюутолгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан энэ сарын 28-ны өдөр боллоо.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанаар Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа.
Гишүүд Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Түр хорооноос Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн талаар дурьдаад, тэр дундаа “Оюу Толгой” ХХК–ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах чиглэлийн дагуу Засгийн газар сөрөг нэхэмжлэлийг гаргасан уу гэдгийг тодруулав.

Дээрх асуултад Түр хорооны дарга Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн, дараагийн процессийн талаар эргэж мэдэгдэнэ гэж Засгийн газраас мэдээлэл ирүүлсэн хэмээн хариуллаа.
Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, С.Ганбаатар говийн бүсийн усны нөөцийн судалгааны талаар тодруулж, хариулт авсан бол Х.Болорчулуун Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж санал хэллээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг томилох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдэд П.Анужин, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ нарыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад мөн гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж буй төслийг танилцууллаа. Ингээд Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
