Дэлхий нийтээр..
УИХ-ын Тамгын газрынхан 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа хэлэлцлээ
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Дэд дарга Э.Баттулга нар (2021.03.09-10) УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсүүдийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хоёр өдрийн турш сонсож, хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газар нь Хууль, эрхзүйн газар, түүний харьяа Эрхзүйн дүн шинжилгээний хэлтэс, Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс; Хяналт шалгалт үнэлгээний газар, түүнйи харьяа Хяналт шалгалтын хэлтэс, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс; Дотоод аудитын алба, Гадаад харилцааны хэлтэс Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын судалгааны хүрээлэн гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хуралд мэргэжил аргазүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тайлан хэлэлцэх арга хэмжээнд Газар, хэлтсүүдийн дарга нар 2020 оны үйл ажиллагааны тайлангаа илтгэж, удирдлагууд тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авснаас гадна цахимаар оролцсон ажилтнууд санал хүсэлтээ илэрхийллээ.
Зарим газар, хэлтсийн тайлангаас үзвэл Хууль, эрхзүйн газрын хувьд өнгөрөгч онд Байнгын, дэд, түр хороо болон нэгдсэн хуралдаанаар 600 хууль, тогтоолын төсөл, 25 тайлан илтгэл, мэдээлэл, хяналт шалгалтын дүнг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, нэгдсэн хуралдааныг 63 удаа, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг 226 удаа, Улсын Их Хурлын даргын захирамж, байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 147 ажлын хэсгийн хуралдааныг 303 удаа тус тус зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан байна.
Хуралдаан зохион байгуулах хэлтэс гэхэд 148 боть 26.482 хуудас хууль, тогтоолын хувийн хэрэг, 26 боть, 5051 хуудас хуралдааны тэмдэглэл, 35 боть, 6302 хуудас Байнгын хороодын баримт бичиг, мэдээ мэдээлэл, тайлан танилцуулга, 6 боть 1608 хуудас ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан, 13 боть 2318 хуудас батлагдсан хууль тогтоолын эхийг архивын нэгж болгон архивт шилжүүлжээ.
Мэдээллийн технологийн хэлтсийн хувьд цар тахлын нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар явуулах техникийн шийдлийг боловсруулан амжилттай нэвтрүүлсэн. Энэ хүрээнд MyParliament цахим системд онлайн санал хураалтын модулийг шинээр нэмж хөгжүүлж, онлайн хэлэлцүүлгийн программыг албан ёсны эрхтэйгээр ашиглаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх цахим системийг хөгжүүлэн, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд санал авах lawforum.parliament.mn гэсэн 2 дэд хэсэгтэйгээр ажиллуулж эхэлсэн талаар тайландаа онцоллоо.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нийгмийн сүлжээний шинэ сувгуудыг ашиглах, хөгжүүлэхийг чухалчилж, мэдээ мэдээллийн агуулга, хэлбэр, хүртээмжийг нэмэгдүүлэхийг 2020 оны гол зорилтоо болгон ажилласны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хууль, тогтоомжийн эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг үндэсний монгол бичгээр хэвлэж эхэлсэн байна.
Тайлангийн хурал газар, хэлтэс, нэгжүүдийн хувьд харилцан бие биенийхээ үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, нэг нэгнээ сонссон, шинэ санал, санаачилга гаргасан, өнгөрсөн оны алдаа, оноогоо хэлэлцэж, ирэх жилүүдийн зорилго, төлөвлөгөөгөө дэвшүүлж, үйл ажиллагаагаа уялдуулах боломжийг олгосон, үр дүнтэй арга хэмжээ болсныг Тамгын газрын удирдлагууд онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2024/06/26
Төв Азийн улсуудын музейн захирлуудын форум Монголд болно
-
Дэлхий нийтээр..2025/05/16
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөний...
-
Үйл явдал2023/07/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2021/02/14
Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
