Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэлээ.
Товч намтар
Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч
- 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал
- 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч
- 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
- 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
