Дэлхий нийтээр..
У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Хөрөнгийн биржид зочиллоо.
Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн ажилтан албан хаагчдад болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид нийт арилжаа эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулах түүхэн үзвэрийн танхимыг нээж, арилжааны цан цохиж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл сонсов.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ

“… Дэлхий дахинаараа КОВИД19 халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хэдий ч эдийн засгаа сэргээх урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид хямд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм” гэдгийг онцлон тэмдэглэв.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор 1991 онд Монгол Улсын Засгийн газрын 22 дугаар тогтоолоор Монголын Хөрөнгийн биржийг байгуулж байсан байна. Иргэдийг хувийн өмчтэй болгож, өмч, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны ажлын хүрээнд Хөрөнгийн биржээр улсын өмчийн нийт 475 үйлдвэрийн газрыг худалдаалж, хүн амын талаас илүүг хувьцаа эзэмшигч болгосон түүхтэй аж.
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа бондын арилжаа идэвхжиж байна. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд шилжүүлээд байна. Мөн давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр давхар бүртгэлтэй компанийн хувьцааг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
