Дэлхий нийтээр..
Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа
УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.
Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад халдвар хамгааллын дэглэмийг холбогдох газруудад онцгой анхаарч сахин ажиллахыг санууллаа.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг ханган, сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгож дараах чиглэлээр даалгавар өгөв.

- Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасан 181 дүгээр тогтоолын дагуу УОК-ын даргын нэгдсэн удирдлага дор нэг удирдлагаар ажиллах
- Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх, халдварт цар тахалтай холбоотой аливаа сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-ээс бүрэн шинжилж, ЭМЯ-аас мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээллэх
- Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх
- Орон нутгийн сонгуулийн дараах сум, орон нутгийн засаг дарга нарын томилгоог хуулийн хүрээнд ЗГХЭГ-тай уялдаа холбоотой ажиллаж, түргэн шийдвэрлэж дуусгах
- Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй байх
- ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сайтар авч, ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэж, цаг агаарын аюултай үзэгдлээс үүсэх гамшгаас урьдчилан сэргийлэх
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэглэлийн хангалтыг бүрэн хийх
Дэлхий нийтээр..
ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа
ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах алба (ФСБ) Telegram платформыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
ФСБ-ын мэдээлснээр, Telegram-д байршуулсан зарим суваг, чатботыг устгаагүйгээс Украины тусгай алба болон террорист, хэт даврагч бүлэглэлүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага, цахим залилан зохион байгуулахад ашигласан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ийм үйл ажиллагааны улмаас хүний амь эрсэдсэн гэж мөрдөн шалгах байгууллага буруутгажээ.
ФСБ мөн Telegram дахь танилцах үйлчилгээний чатботоор дамжуулан иргэдийг террорист үйл ажиллагаанд элсүүлсэн хэрэг илэрсэн бөгөөд 2025 оны долоодугаар сараас хойш ийм хэрэгт холбогдуулан 46 хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна.
Павел Дуров ОХУ-д төрсөн ч 2014 онд тус улсыг орхиж, одоо Дубайд амьдардаг. Тэрээр Франц, АНЭУ-ын иргэншилтэй бөгөөд Оросын эрх баригчид хувийн нууц, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зорилгоор зохиомол хэрэг үүсгэсэн гэж мэдэгдээд байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм.
Энэ нь ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш цахим орчинд тавих хяналтаа эрчимжүүлж буй бодлогын хүрээнд авсан ээлжит арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ ОХУ төрийн дэмжлэгтэй MAX мессенжерийг өргөн нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч төрийн байгууллагууд Telegram-ийг идэвхтэй ашигласаар байгаа юм.
Дэлхий нийтээр..
Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна
Японы өмнөд хэсгийн Күмамото мужид болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-д хүрээд байна. Олон хүн сураггүй хэвээр байгаа тул аврагчид худалдааны төв, орон сууц болон үйлдвэрийн барилгуудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас Кашима хот дахь "Aeon Mall" худалдааны төвийн хоёрдугаар давхар нурж, олон хүн барилгын нурангид дарагдсан байна. Мөн цаасны үйлдвэрийн байгууламжид хүмүүс гацсан тул Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид, гал сөнөөгчид, онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг цаг нартай уралдан явуулж байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи аврагдахыг хүлээж буй хүмүүс байгаа учраас бүх боломжит хүчийг дайчлан ажиллаж байгааг онцолжээ.
Газар хөдлөлтийн дараа Кюшүгийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн болон зарим нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн 36,900 орчим өрх цахилгаангүй, 9,500 өрх хийн хангамжгүй болж, 9,000 гаруй хүн түр байрлах төвүүдэд нүүлгэн шилжүүлэгдээд байна.
Эрх баригчид хүчтэй дараах чичиргээ, хөрсний гулгалтын эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж, иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
-
Хэн юу хэлэв...2022/03/16
Г.Занданшатар: Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн ...
-
Дэлхий нийтээр..2025/02/25
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
-
Дэлхий нийтээр..2023/10/08
Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарчээ
-
Дэлхий нийтээр..2025/12/25
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж бай...
