Дэлхий нийтээр..
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын сургалт зохион байгуулагдаж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдэд зориулсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сэдэвт улсын байцаагчдын нэгдсэн сургалт хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Уг сургалт нь мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг бүх шатанд дэвшүүлэн ажиллаж буй цаг үетэй давхцаж байгаагаараа, технологийн дэвшил, хөгжил, дижитал шилжилттэй холбоотойгоор улсын байцаагчдыг чадавхжуулах асуудал чухал байгаа”-г онцлон тэмдэглэлээ.
Эхний өдрийн сургалт хэлэлцүүлгээр салбарын бодлого зохицуулалт, хяналт шалгалтын талаар МХЕГ, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас бэлтгэсэн илтгэлүүд чухал ач холбогдолтой байсан бол “Анд Глобал” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан, МХЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Түмэндэмбэрэл нарын хувь хүний нийгмийн оролцоо, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, дижитал шилжилтэд шаардлагатай дээрх хүчин зүйлс, шилжилт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагаын талаар тавьсан мэдээллүүд сонирхолтой, шинэлэг байв. Цацрагийн хяналтын салбарт төрийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, цацрагийн хяналтын мэдээллийн сан /Regulatory Authority Information System/-ийн бүрдүүлэлтийн талаар МХЕГ-ын улсын байцаагч Г.Долгормаа, Н.Тулга нар мэдээлэл хүргэлээ.
Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлал үндэсний төв, Эмчилгээ оношилгооны төв болон Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-иас цацраг идэвхит ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үеийн технологийг ашиглан цөмийн анагаах ухааны тасгийн шилдэг туршлагыг бий болгох нь, хавдрын эмчилгээнд шугаман хурдасгуур ашиглах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцлоо.
Өнөөдөр сургалт, хэлэлцүүлэг эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн чиг хандлага, дотоод хяналт шалгалт, гадаад орчин, хүн амын шарлагын хяналт, Улаанбаатар хотын цацрагийн хяналт, хил, гааль, нисэхийн аюулгүй байдлын салбарт ашиглаж буй цацрагийн хяналтын үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалт, цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаа, цацрагийн ослын бэлэн байдал гэсэн сэдвүүдээр үргэлжилнэ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.


