Үйл явдал
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Олон улсын ахмадын 30 дахь өдөрт
Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эрхэмлэн хамгаалж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа дэвшүүлсэн зорилтуудаа хангалттай хэрэгжүүлж, ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх билээ.
Тухайлбал, Ахмад настны тухай хууль, Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж хэрэгжүүллээ.
Түүнчлэн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийг 2016 оноос хойш 3 жил дараалан нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээг 39.4 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар, дундаж тэтгэвэр 33.0 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ийнхүү бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөгт хүрлээ. “Насны хишиг”-ийг 2017 оноос эхлэн жилд 2 удаа олгож, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг 2020 онд баталж, тэтгэвэр барьцаалсан зээлтэй 228.6 мянган тэтгэвэр авагчийн 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн тэглэж, зээлгүй тэтгэвэр авагчдад 1 сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлсэн зэрэг олон арга хэмжээ амжилттай хэрэгжүүлэн ажилласныг тэмдэглэхэд таатай байна.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинэчлэн байгуулагдсан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг ахмад настнуудад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Манай Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлж, эхний ээлжид нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэн нэвтрүүллээ.
Тус систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ ehalamj.mn, "ТҮЦ машин", ebarimt аппликейшныг ашиглан гаргах, олон байгууллагаар явж цаасаар бүрдүүлдэг баримт бичгийг багасах, өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, арилжааны банкин дахь өөрийн харилцах дансаараа дамжуулан халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах зэрэг иргэнд ээлтэй олон давуу талууд бий болно.
Эдгээр зорилтуудыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хүн амыг эрүүл, чанартай насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн гарах сорилтуудыг даван туулахад чиглэсэн бодлого үйл ажиллагаатай уялдуулан урт хугацаанд тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх тогтолцоог бүрдүүлэх, хөгжлийн төвүүдийг байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана.
Цаашид бид ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмадууд та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, өтгөс буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд улам бүр анхаарч ахмадуудынхаа сургаал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.
Та бүхнийхээ амьдрал үйлс өөдлөн дэлгэрч, эрүүл энх, урт наслахын ерөөл дэвшүүлье.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2026/05/29
Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцтай танилцлаа
-
Дэлхий нийтээр..2023/09/25
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг БНХАУ-ын Бэ...
-
Үйл явдал2025/06/26
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Үйл явдал2023/03/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
