Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Г.Даваазул: “Хэлгүй жим” киногоор дамжуулан залуу үедээ заавал хүргэх ёстой мессэж бий

Огноо:

,

Сэтгүүлч:

Хилийн 0257 дугаар анги, уран бүтээлийн “Этик” продакшнтай хамтран бүтээсэн “Хэлгүй жим” уран сайхны кино 2020 оны наймдугаар сарын 28-нд нээлтээ хийж, бүх кино театруудын дэлгэцнээ гарах юм. Тус киноны зохиолч, гол дүрийн жүжигчин Г.Даваазултай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Ахлагч О.БАЯРМАА
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

-Кино бүтсэн түүхээс яриагаа эхэлье?

-Манай “Этик” продакшн байгуулагдаад удаагүй байна. Нэг үгээр залуухан баг хамт олон. 2018 оны аравдугаар сарын 26-нд “Хүний цаана” нэртэй анхны уран бүтээлийн нээлтээ хийсэн. Уг бүтээлээ кино театруудаар гаргахын зэрэгцээ хөдөө орон нутгийн иргэддээ үзүүлсэн юм. Хөвсгөлд явахдаа хилийн 0257 дугаар ангийн хилчдэд үзүүлэх санал тавьсан. Учир нь “Хүний цаана” кино урд хөрштэй холбогдолтой орчин үеийн хийсвэр түүхээр бүтсэн юм. Киногоо толилуулсны дараахан хилийн 0257 дугаар ангийн хошууч Н.Отгонжаргал гэдэг залуу зочид буудалд ирээд улсын хил хамгаалах тушаал аваад эргэж ирээгүй гурван хилчний түүхийг ярьж өгсөн. Хилчид яг ийм эрсдэлтэй эргэж ирэх эсэх нь үл мэдэх албанд үүрэг гүйцэтгэдэг талаар нүдэнд харагдтал ярьж, амиа алдсан гурван хилчнийхээ түүхээр кино хийвэл ямар вэ гэсэн санал тавьсан юм. Үнэндээ анх энэ сэдвийн талаар сонирхож хүлээж аваагүй. /Инээв/ Учир нь уран бүтээлчдийг явсан газар бүрт “энэ сайхан сэдэв, уран бүтээл болговол” гэсэн санал байнга ирж байдаг. Дараа нь 2019 оны дөрөвдүгээр сард бид “Цуурхал” гэдэг кино хийгээд дахин хөдөө орон нутгаар явсан юм. Тэгсэн Н.Отгонжаргал ахиад буудалд хүрээд ирсэн. Ёстой салдаггүй нөхөр байна билээ. Энэ зүгээр сайхан уран бүтээлч найзуудын наргиа шүү. Уйгагүй хүний зан шүү дээ. Зорьсон бол үр дүнг нь үзэхээр тэмүүлдэг хүн ямагт нэгийг дуулгадаг тод жишээ энэ юм уу даа. Хөвсгөлийн хилд амиа алдсан хилчдийн талаар манай А.Энхжин бас сонирхож, судалж үзээд бодож явсан юм билээ. Тухайн үйл явдлын талаар хилчин хурандаа Ч.Алтангэрэл гэдэг хүн “Алуурчдын гарт амь үрэгдсэн хилчид” гэсэн шүүх хурлын тэмдэглэл шиг ном бичсэн  байдаг. Тэр номыг А.Энхжин надад “Чи зохиол бичдэг хүн байна. Энэ номыг уншаад зохиол болгох боломж байна уу?” гээд өгсөн. Ингээд багийнхаа гишүүдтэйгээ ярилцаад бодит түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино хийе, зохиолоо хэрхэн бичих вэ гэдэг тал дээр ярилцсан даа. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бас ойлгох нь чухал байх. Яг бодит түүхээр нь шууд хийвэл түүхэн баримтад кино болно. Харин бодит түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино гэдэг зохиолчийн өөрийн фантази, уран сэтгэмжээс бүтдэг. Аливаа зүйл бүтэхээ хүрвэл бүх юм нь ар араасаа ундраад байдаг даа. Энэ уран бүтээл яг л тийм байсан. Зохиол бичигдээд дуусмагц ивээн тэтгэгч газрууд гарч ирээд тохироо бүрдэнэ гэдэг нь болсон. Кино уран бүтээл гэдэг тав, зургаан сая төгрөгөөр бүтдэггүй, хэдэн зуун сая төгрөгөөр яригддаг болохоор нэг талаасаа эхлэл тавигдана гэдэг өөрөө хамгийн том ажил юм. 

-Түүхэн кино бүтээхэд зөвлөх заавал ажилладаг. Киноны зөвлөхөөр хэн ажилласан бэ. Түүхийн хувьд хүмүүсийн ам дамжсан олон салаа утга байдаг шүү дээ?

-Киноны зөвлөхөөр гурван хилчинтэй хамт алба хааж байсан бэлтгэл дэд хурандаа Г.Загд гуай ажилласан. Тухайн өдөр Г.Загд гуай хилийн манаанд явах байсан боловч Я.Баяраа хоёр найзтайгаа явах хүсэлт гаргаад зөвшөөрсөн гэдэг. Хилийн салбарт сайхан дотно нөхөрлөж байсан гурван хилчин байсан юм билээ. Энэ гурван хилчний түүхийг нутгийн иргэд ам дамжсан ярьсаар та бидний мэдэх хэд хэдэн хувилбарыг гаргаж ирсэн байдаг. Яг тухайн үеийн бодит үйл явдлыг бэлтгэл дэд хурандаа Г.Загд ярьж өгсөн. Тэр ярианаас нь зохиолдоо оруулж шигтгэх зүйл байсан ч зохиол бичигдээд зургийн төлөвлөгөө гараад жүжигчдэдээ үгээ суулгачихсан байсан тул үндсэн зохиолоо барьсан. Миний барьсан бас нэг бодлого бол тухайн үеийн хувцас хэрэгсэл, жижиг эдлэл, үг хэллэг, орчин нөхцөл дээр нь ихээхэн анхаарч, чухалчилж ажилласан. 

-Кино баг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ. Жүжигчид түүхэн кинонд дүр бүтээх сонирхолтой байдагтай адил кино продакшны хувьд түүхэн кино бүтээнэ гэдэг бас нэг том амжилт байх?

-Кино урлаг гэдэг өөрөө хамтын бүтээл байдаг. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Зохиол гарсан даруйд зураглаачийн баг, дууны багийг хэрхэн сонгох уу, гол болон туслах дүрийн жүжигчдээ шалгаруулах гээд бодож төлөвлөх зүйл их. Кино баг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай продакшны дэлгэцийн гурав дахь уран бүтээл түүхэн кино болж байна. Байгуулагдаад жил гаруй болж байгаа залуу багийн хувьд түүхэн кинонд хүч сорино гэдэг манай урлагийн тогоон дотроо чансаа шаардсан талбар. Цахим орчин хөгжсөн энэ нийгмээс заримдаа эмээнэ бас хурцлагдана. Залуу бацаанууд чадах уу гэсэн зүйлтэй ч нүүр тулсан. Кино зохиолоо бичих үедээ гурван хилчнийхээ бодит нэрийг нь өгөх үү гэж ярилцсан. Бодит нэрийг нь өгөхөөр баримтад кино болох гээд байсан учир нэрийг нь сольсон. 

-Кино зураг авалт хэдэн өдөр үргэлжлэв? 

-Ямар ч кино багийн бэлтгэл ажил 14 хоногоос гурван сар үргэлжилдэг. Энэ киноны зураг авалтын бэлтгэл ажил, хувцас хэрэгсэл, жижиг эдлэл гээд бүгдийг нь Улаанбаатар хотод 45 хоног цуглуулж бэлдсэн. Үндсэн зураг авалтын объект дээрээ нэлээн шахуу хөтөлбөртэйгээр 21 хоног үргэлжилсэн. 

-Бараг нэг сар хил дээр ажилласан байна. Хил, хилчдийн талаарх төсөөлөл бодит байдалтай хэр нийцэж байв?

-Михиалд нэг бодол бий гэдэг шиг надад хилчдийн талаарх төсөөлөл бодол байсан. Гэхдээ зургийн үндсэн объектыг дутуу бодсон байна билээ. Бидний төсөөлж байснаас хэд дахин гайхалтай үзэсгэлэнтэй байгаль, объект угтсан. Үнэхээр нүд амраамаар. Миний хувьд хөдөөний хүүхэд учир морь, мал гээд ерөнхий ойлголт бол байсан. Харин кино багт хотоос хол гарч үзээгүй нөхөд зөндөө байсан. Тэр хэдэд маань сонирхолтой, эх орноо төсөөлөх төсөөллийг илүү бат суулгаж өгсөн байх.  Кино зураг авалт шахуу төлөвлөгөөтэй байсан учир хөдөө хээр гараад даарахгүй, өлсөхгүй байвал ажил илүү хурдан явна гэсэн бодлыг тээж очсон. Харин манай хилчин бүсгүйчүүд 100 гаруй хүнийг төвөггүйхэн өдрийн гурав хооллоод гайхалтай мундаг байсан. Олон хүн дунд бас элдэв хоолны соёлтой хүн байна. Тэдэнд хүртэл тохируулж байсан шүү. Энэ дашрамд хилчин бүсгүйчүүддээ маш их баярлалаа гэж хэлье. Тэнд нэг анзаарсан юм гэвэл Хил хамгаалах байгууллага хилчдийнхээ ахуй хангалт, амьдрах орчинд үнэхээр сайн анхаардаг юм билээ. Бид олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан учир бас тэднийхээ алба, үйл ажиллагаанд нь төвөг саад болохгүйг ихэд хичээсэн. Хилчидтэй их сайхан гар нийлж ажилласан гэж бодож байна. Гар нийлэмжтэй ажиллагаа гэдэг бол бүгдийг саадгүй сайхан бүтээхийн нэр шүү дээ. 

-Кино баг хаяанд нь ажиллаж байхад хилчдэд маань багахан ч гэсэн кино дүрсэнд орох боломж олдсон болов уу?

-Тийм тохиол байлгүй яахав. Олны хэсэгт нэлээн оролцсон. Жүжигчид бидэнд ч гэсэн киноны нэгээхэн хэсэгт тоглох хүртэл сайхан байдаг. Хилийн салбарын хилчид ажлынхаа хажуугааар тувачуудын болоод олны хэсэгт орж нэлээн гүйсэн дээ. Мөн хоёр хөөрхөн хүү, охин бас тоглосон. Я.Баяраа агсны гэр бүлийн хүн болох Урнаа эгч, хүүтэйгээ хамт оролцсон. 

-Та манай хилчид гээд их дотно яриад байна. Дотно сайхан найзалсан хилчдэдээ “Эх орны манаа” сониноор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Тэгэлгүй яахав. Миний, манай хилчид шүү дээ. Хилийн 0298 салбарын СЭО, ахмад Даваадорж “нөхөр” минь сайн байна уу. Манай салбарын хилчид бүгд сайн байгаа биз дээ. Энд ирээд хилчин бүсгүйчүүдийнхээ гарын хоолыг санах шинжтэй гэдгээ давхар уламжлъя. Бидний хамтдаа бүтээсэн кино амжилт олно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тун удахгүй та бүхэн дээрээ киногоо тэврээд очно. Тэр цагт хамтдаа уран бүтээлээ үзэж, омогшъё.  

-Кино зохиолчийн хувьд дүрээ бодож, төсөөлж бүтээсэн байх. Жүжигчдийг хэрхэн сонгон шалгаруулж авав?

-Хэдий бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино боловч гэрч байхгүй. Тиймээс гол дүрийн гурван баатар дээрээ тулгуурлаж зохиолоо бичсэн. Үйл явдлын өрнөлийн хувьд бол цэвэр зохиолчийн уран сэтгэмжээр бүтсэн. Түүнээс тухайн үеийн тува хүмүүс яг ямар төрхтэй, яаж алхаж гэшгэдэг байсан талаар үнэндээ төсөөлөл байгаагүй. Жүжигчид сонгон шалгаруулах тал дээр маш их ажилласан. Бас бэрхшээлтэй байсан. Туршлагатай уран бүтээлчдийг сонгож тоглуулахыг бодсон. Тиймээс бүгд мэргэжлийн жүжигчид тоглосон. Гол дүрийн гурван жүжигчинтэйгээ аль болох төстэй дүр төрхтэй хүн олохыг хичээсэн. Учир нь мөр зэрэгцэн ажиллаж байсан, гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг болохоор тэд хараад нэг тийм сайхан сэтгэлийн цангаа нь тайлагдаад урам аваасай гэж бодсон. Энэ бол уран бүтээл хийсний минь гавьяа. Мөн бид үзэгчдэд сонин, содон байх болов уу гэсэн үүднээс тувачуудыг шууд тува хэлээр нь оруулсан байгаа.

-Тува хэлээр гэдэг нь сонирхолтой байна. Тува хэлний зөвлөхөөр хэн ажилласан бэ?

-Бид бас их эрэл хайгуул болсон л доо. Оточмаарамба дээд сургуульд  суралцдаг гурван Тува оюутанг олсон. Тэр гурав тува хэлний бүрэн орчуулга, дуудлага дээр ажилласан. Эхлээд жүжигчид монгол хэл дээр тоглосны дараа дуу оруулалтаар тува хэл дээр хөрвүүлсэн.  

-Танай продакшны хувьд хойч үедээ тэмдэглэж үлдээх ёстой нэгэн түүхийг бичилцлээ гэж бодож байна?

-“Этик” продакшныг үүсгэн байгуулахдаа А.Энхжин бид хоёр “Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян Монгол баян” гэдэг үзэл баримтлыг бат шингээж ажлаа эхлүүлсэн. Тиймээс анхны бүтээлээ “Хүний цаана” гэдэг уран сайхны киногоор эхэлсэн. Хойч үедээ юм үлдээнэ гэдэг өөрөө асар том хариуцлага, бас хүн болж төрсний үүрэг гэж боддог. Орчин үеийн залуус хотоос гараад хамгийн холдоо гэхэд Тэрэлж л орж байгаа байх. Тэд таван хошуу мал, улсын хил гэж юу байдгийг үнэндээ мэдэхгүй. “Хэлгүй жим” киногоор дамжуулан залуу үедээ заавал хүргэх ёстой мэссэж гэж бий. Бид хоёр өнөөдөр өөр өөрсдийн гэсэн мэргэжил эзэмшээд хэнээс ч айж эмээхгүйгээр ярилцаад сууж байна. Хэдий Улаанбаатарын зам түгжрэлтэй ч хөл залгуулах унагаа тайван унах эрх бидэнд бий. Энэ мэтчилэн бид амгалан тайван амьдарч чадаж байна. Гэтэл энэ тайван амьдралын гол цөм нь улсын хилийн бүрэн бүтэн байдал, түүнийг сахин хамгаалж буй үе үеийн хилчдийн гавьяа. Киноныхоо төгсгөлд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайгаар гол санаагаа уншуулсан. 

-“Хэлгүй жим” гэдэг нэрний учир?

-Нэрний учрыг киногоо үзээд л ойлгоно. Хүн бүхэн өөр өөр тайлбарлаж, хүлээж авч байна. Зарим нь монгол хэлний дүрэм мэддэггүй, хүний хэлний хэл юм уу, хил хязгаарын хил юм уу гээд нэлээн таавар шүүмж дагуулсан. 

-Кино хэр удаан театруудаар үргэлжлэх вэ?

-Хэр удаан үргэлжлэхийг үзэгчдийн таашаал мэднэ дээ. Кино театрууд үзэгчдийн тоо 50 хувиас доош болчихвол буулгачихдаг. Үүний дараа IPTV-д байрлуулна. Хилийн 0257 дугаар ангийн хамт олондоо болон бусад хилчдэдээ хүргэнэ гэж бодож байна. Энэ цаг хугацаа тун удахгүй байх. 

-Хамгийн том ивээн тэтгэгчид?

-Юнитель группийн “Nomadia Pictures”, “Том
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?

Огноо:

,

Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.

Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.

Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.

Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.

Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.

Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.

Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.

Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.

Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.

Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.

Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.

Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.

Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.

Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.

Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.

Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.

Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?

Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.

Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.

Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.

Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал7 цаг 59 минут

Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийг хэлэлцэх үндэ...

Үйл явдал12 цаг 54 минут

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Үйл явдал12 цаг 57 минут

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Үйл явдал13 цагын өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Үйл явдал13 цаг 2 минут

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Үйл явдал13 цаг 8 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Дэлхий нийтээр..13 цаг 13 минут

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Үйл явдал13 цаг 15 минут

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Үйл явдал13 цаг 19 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Үйл явдал13 цаг 21 минут

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Дэлхий нийтээр..2026/06/03

Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө З...

Дэлхий нийтээр..2026/06/03

АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав

Дэлхий нийтээр..2026/06/03

ДЭМБ: Эбола өвчнөөс эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлж байна

Үйл явдал2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Дэлхий нийтээр..2026/06/03

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Хэн юу хэлэв...2026/06/03

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж а...

Үйл явдал2026/06/03

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Үйл явдал2026/06/03

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Үйл явдал2026/06/03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Хэн юу хэлэв...2026/06/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Үйл явдал2026/06/03

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Үйл явдал2026/06/03

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Үйл явдал2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Үйл явдал2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Үйл явдал2026/06/02

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ

Үйл явдал2026/06/02

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар т...

Үйл явдал2026/06/02

Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх з...

Үйл явдал2026/06/02

Зарим гол, мөрний усны төвшин 10-25 см-ээр нэмэгдсэн байна

Хэн юу хэлэв...2026/06/02

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гар...

Үйл явдал2026/06/02

Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажилла...

Санал болгох