Өнөөдөр
Дарь-Эхийн замыг энэ сарын 27-нд нээх хугацаатай үүрэг даалгавар өглөө
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Орлогч дарга Төрбилэг, ГУББГ болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдсон билээ.
Тиймээс нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх зам засварын ажлыг хичээл, сургууль эхлэхээс өмнө 24 цагаар ажиллаж, хийж дуусгахыг гүйцэтгэгч компани болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Төв замтай холбогддог чухал ач холбогдолтой замуудын нэг бол Дарь-Эхийн зам. Наймдугаар сарын 27-ны өдөр уг замын урсгалыг нээхээр хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үүний дараагаар явган зам, ус зайлуулах шугам, сүлжээний ажлыг үргэлжлүүлэн хийх тооцоотой байгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор буталсан чулуун суурь хийгдэж эхэлсэн. Дарь-Эхийн замд уулын ус ихээр орж ирдэг учраас долоон шүүрт худагтай байсныг 24 шүүрт худагтай болгож шийдэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн үерийн шугамуудыг нэмж тавихаар ярилцаж байна” гэлээ.
Дашрамд дурьдахад, Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байсан юм.
Өнөөдөр
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр эхлэнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болсон.

Өнөөдөр
Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
