Үйл явдал
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлав.
Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.
Мөн 2028 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 24,000,000 төгрөг (сард 2,000,000 төгрөг) хүртэл бол 1 хувийн татвар төлөх болж байна.
Өндөр орлоготой иргэдэд мөрдөгдөж буй шаталсан татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлогын 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 120-180 сая төгрөгийн орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувийн татварын хувь хэмжээг тооцох зохицуулалт хэвээр үйлчлэх юм.
Орон сууц борлуулсны орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулснаас олсон орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.
Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан татварын горимыг шинэчилжээ. Жилийн 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид орлогын хэмжээнээс үл хамааран 1 хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.
Татварын тайлагналын хугацааг уян хатан болгон, сар бүрийн 15-ны өдөр тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй байсныг өөрчлөн уг хугацааг тухайн сарын сүүлийн өдөр хүртэл сунгахаар тусгасан байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү өөрчлөлт нь бага болон дунд орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг үе шаттайгаар бууруулна гэж үзжээ.
Хувь хүний орлогын албан татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулснаар бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, нийгмийн шударга байдлыг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.
Иргэдийг дэмжин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хуулийн зохицуулалт үр дүнгээ өгөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх илүү боломжит хугацаа олгож, хугацаа хоцрох эрсдэлийг бууруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Үйл явдал
COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэв
Үйл явдал
Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна
Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Үйл явдал
Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгыг хязгаарлахыг дэмжжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын Ерөнхий газартай хамтран “Соёл, урлагийн салбарын уран бүтээл, тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох” зорилгоор 21469 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн дунд нээлттэй санал асуулга зохион байгууллаа.
Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урлагийн тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын ёс зүй, нийгмийн хариуцлагыг сайжруулах шаардлага өндөр байна гэж үзжээ.
Оролцогчдын саналд нийтлэг дараах асуудлууд хөндөгдсөн байна.
Үүнд:
•Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй дуу, дүрс, цахим контентод бүдүүлэг үг хэллэг, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис, архидалт зэрэг сөрөг агуулгыг хязгаарлах
•Уран бүтээлчид, контент бүтээгчид олон нийтэд, тэр дундаа хүүхэд, залуучуудад үзүүлэх нөлөөгөө ухамсарлаж, ёс зүйн өндөр хариуцлагатай ажиллах
•Насны ангилал, агуулгын анхааруулгыг бодитоор хэрэгжүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн контентын хүртээмжийг нэмэгдүүлэх
•Цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга хэмжээг сайжруулж, эцэг эхийн дижитал боловсрол, хяналтыг дэмжих
•Хүүхэд, гэр бүл, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүмүүжил, эх оронч үзэл, ёс суртахуун, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Судалгаанд оролцогчид зөвхөн уран бүтээлчид бус, контент түгээгч платформууд, зохион байгуулагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалсан, ёс зүйтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн байна.
Энэхүү судалгааны үр дүн нь хүүхдийн эрхийг хамгаалах, урлаг, соёлын салбарын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, соёлын дархлааг төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй агуулга нь тэдний төлөвшил, зан төлөв, үнэт зүйлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид, контент бүтээгчид, цахим платформууд, эцэг эх, иргэдийн хамтын оролцоо нь хүүхдэд ээлтэй, аюулгүй, ёс зүйтэй контентын орчныг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болохыг судалгааны үр дүн харуулж байна.
-
Дэлхий нийтээр..2023/03/30
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн ...
-
Дэлхий нийтээр..2025/03/24
3D виртуал сургууль үүдээ нээлээ
-
Үйл явдал2024/12/02
УИХ: Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2024/09/24
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад JICA хамтарч ажиллахад бэлэн гэв
