Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Огноо:

,

Сэтгүүлч:

Эдийн засгийн ерөнхий төлөв

Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.

Энэ жил дэлхийн хөгжингүй болон шинээр сэргэж буй томоохон эдийн засгууд бүгд хасахтай гарч байгаа бөгөөд ганцхан улсын эдийн засаг нэмэх өсөлттэй байгаа нь Хятад аж. Хятадын эдийн засаг 2020 онд 1 хувиар өсөх төлөвтэй гэж Олон улсын валютын сан 6 дугаар сард гаргасан тайландаа дурджээ (Хүснэгт 1-ийг үзнэ үү).

Хүснэгт-1

Эх сурвалж: Олон улсын валютын сан

Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян энэ оны 5 дугаар сард тавьсан Засгийн газрын тайлан илтгэлдээ энэ жил ковид-19 гарсантай холбоотой нийгэм  эдийн засгийн тодорхой бус хүчин зүйлс их байгаа тул улсынхаа эдийн засгийн өсөлтийг тоон хувиар илэрхийлэх зорилт тавихгүй гэдгээ зарласан юм. Өнгөрсөн жил буюу 2019 онд Хятадын ДНБ 6.1 хувиар өссөн, ажилгүйдэл 5.3 хувьтай, инфляц 2.9 хувьтай, олон улс дахь орлого зарлага тэнцвэртэй, эдийн засгийн ерөнхий дүн нуруу тогтвортой байжээ. Харин 2021 онд дэлхий даяар эдийн засаг аажмаар сэргэнэ гэж таамаглаж байгаа ба Хятадын эдийн засгийг хамгийн өндөр буюу 8.2 хувиар өснө гэсэн таамаг ОУВС гаргасан.

Ковид-19-ийн эсрэг Хятадын авч буй арга хэмжээ

2020 оны цар тахал улс орнуудад асар хүнд цохилт учруулж байгаа ч Хятад улс эдийн засгийн аливаа сорилтод бусад орныг бодвол харьцангуй сайн бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Учир нь 2018 оноос эхэлсэн Хятад, АНУ-ын худалдааны дайн аль хэдийн Хятадын эдийн засагт ковид 19-өөс өмнө сорилт учруулаад байсан юм. Үүний хариу арга хэмжээ болгож Хятадын засгийн газар 2018 оны 7 дугаар сард “Зургаан тогтворжилт”-ийн бодлого дэвшүүлсэн. Үүнд: ажлын байр, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөт ажлууд гэсэн зургаан зүйлийг тогтвортой хадгалан барих бодлого хэрэгжүүлэв. Уг бодлогын үр дүнд худалдааны дайнтай байсан ч 2019 онд эдийн засгаа 6.1 хувиар өсгөж чаджээ.  

Гэвч хоёр дахь том цохилт 2020 онд ковид 19-ийн нөлөөнөөс ирж Хятадын эдийн засаг нэлээд хүндрэн агшиснаар эхний улиралд гэхэд ДНБ-ий өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар буурсан аж.[2] Ингээд эдийн засагт авах дараагийн арга хэмжээг төлөвлөж, энэ оны 4 дүгээр сард “Зургаан хадгалалт”-ын бодлого дэвшүүлэв. Үүнд: ажлын байрыг, иргэдийн амьжиргааг, зах зээлийн гол голдирлыг, хүнс эрчим хүчний аюулгүй байдлыг, үйлдвэрлэлийн тогтвортой гинжин хэлхээг, суурь шатны дотоод эргэлтийг тус тус тогтвортой хадгалах явдал бөгөөд энэ хүрээнд арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр болжээ.

Эдгээр бодлоготой уялдаж буй гол субьект нь жижиг дунд ААН-үүд болж байна. Учир нь ДНБ-ий өсөлтийн 60 хувийг жижиг дунд ААН-үүд бий болгодог, ажлын байрны 80-аас илүү хувийг тэд бүтээдэг. Гэтэл цар тахлын үеийн нийгмийн тусгаарлалт зэрэг нь жижиг дунд ААН-үүдэд хамгийн хүндээр тусаж, орлого тасалдан хаалгаа барихад хүргэж байгаа тул үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нь дээрх “зургаан тогтворжилт”, “зургаан хадгалалт” бодлогоос харагдаж байна.

Хятадын эдийн засгийн талаарх цаашдын таамаг

Ковид 19-ийн үед явуулж буй дээрх бодлогын нөлөөгөөр Хятадын эдийн засаг аажим өсөх хандлагатай байгаа гэж эдийн засгийн шинжээчид үзжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан Хятадын эдийн засгийн талаарх таамаг Олон улсын валютын сангийнхыг бодвол илүү өөдрөг дүр зурагтай байна. 2020 онд Хятадын эдийн засаг ковид 19-ийн улмаас унаж 2.3 хувиар л өсөх боловч 2021 онд буцан сэргэж 7.3 хувиар өснө гэж таамаглажээ.[3] Үүнтэй ойролцоо гарсан бас нэг таамаг нь Ройтерс агентлагийн судалгаа бөгөөд Хятадын эдийн засаг сая хоёрдугаар улиралд 2.2 хувиар өссөн, гуравдугаар улиралд 5.2 хувь, дөрөвдүгээр улиралд 6.1 хувиар өсөж магадгүй гэжээ.[4] Гэхдээ энэ нь Хятад АНУ-ын консулын газруудын хэрэг дэгдэхээс өмнө хийсэн судалгаа аж. Ер нь эдүгээ олон улсын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, тодорхойгүй хүчин зүйлсийн нөлөө хэтэрхий их байгаа нь аливаа судалгаа таамаг дэвшүүлэхэд бэрхшээлтэй, эсвэл таамгууд хоорондоо зөрөхөд хүргэж байна. Гэсэн ч аль ч судалгаагаар Хятадын эдийн засаг 1 хувиас дээш өсөлттэй байж ирэх жил сэргэнэ гэсэн нийтлэг дүр төрхтэй байна.

Эрсдэл: Хятадын эдийн засаг дахь хамгийн том эрсдлийг мэдээж ковид-19 цар тахлын дахин дэгдэлт гэж үзэж байна. Түүнчлэн Хятад, АНУ-ын харилцаа хурцдах, ААН-үүдийн ашиг буурах зэрэг хүчин зүйлс нь ААН-үүдийн хөрөнгийн зардлыг нэмэгдүүлснээр худалдаа, үйлдвэрлэлд дарамт урчуулж болзошгүй гэж эдийн засагчид үзжээ.[5] 2020 оны сүүлийн хагас жилд таагүй хүчин зүйлсийн нөлөө ар араасаа гарч ирснээр Хятадын эдийн засаг сэргэх явц удааширж ч магадгүй. Үүнд цар тахлын тусгаарлалт нь зах зээл дэх эрэлт сэргэхэд таагүй нөлөөлнө. Эдийн засаг буцаж сэргэх явцыг удаашруулж буй өөр нэг гол шалтгаан нь экспортыг сэргээхэд асар хүндрэлтэй байх болно, өмнөх жилүүдийнх шиг эдийн засаг сэргэхэд дагаад экспорт шууд өсдөг шиг байдал бий болохгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнх шиг өндөр байхгүй гэж Бээжингийн их сургуулийн профессор Хуан Үйпин дүгнэжээ.[6]

Цаашид Хятадын эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлж болох хоёр зүйл байгаа нь нэгд дотооддоо эрэлтийг сайтар бий болгосноор өсөлтийг дэмжих гол хүч болно, хоёрт дижитал эдийн засаг цаашид ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай, энэ нь магадгүй хөгжлийн шинэ түлхэх хүч болох болно гэжээ.

Эдийн засгийн байдал ба Хятадын нүүрсний импорт

Эдийн засгийн өсөлт эрс саарсныг дагаад Хятадын нүүрсний хэрэглээ эхний дөрвөн сарын байдлаар 6.8 хувиар буурчээ. Ингээд Хятадын нүүрсний том компаниуд үйлдвэрлэлээ 4 сая тонноор бууруулсан байна. Хятадын Нүүрсний нийгэмлэгээс гаргасан “2019 оны нүүрсний салбарын жилийн тайлан”-д 2020 оны төлөвийн талаар таван зүйлийг тодотгожээ. Нэгд нүүрсний эрэлт буурч байна, хоёрт нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байна, гуравт нүүрсний нөөцлөлт нэмэгдэж байна, нүүрсний үнэ буурч байна, нүүрсний эдийн засгийн үр ашиг буурч байна гэсэн таван хандлагыг 2020 оны онцлогоор тодорхойлсон байна.[7]  

Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурч байгаа хэдий ч гадаадаас авах импорт буураагүй аж. 2020 оны эхийн хагас жилд нүүрсний импорт өсөж, 174 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн дүн бөгөөд голлон Индонез, Австратли, ОХУ, Монгол, Филлипин зэрэг улсаас импортлосон байна. 2019 оныхтой харьцуулахад импорт хийсэн орнуудын бүтэцэд ОХУ Монголыг гүйцэж гурвдугаарт орох болсон өөрчлөлт гарчээ.

Эхний хагас жилийг бодвол энэ оны сүүлийн хагас жилд аж үйлдвэр, эдийн засгийн аажим сэргэх дээрх таамгийн дагуу нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ бага зэрэг өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна Хятадын нүүрсний нийгэмлэг.[8]  

Гэвч энд анхаарууштай нь эдийн засаг хэвийн өсөлттэй байсан 2019 онд 300 сая тонн нүүрс импортлосон гэдгийг тооцвол энэ жил хэдийнээ 174 сая тонныг импортлочихоод байгаа. Тэгэхээр сүүлийн хагас жилд импортыг 100 гаруй сая тонноос хэтрүүлэхгүй, мөн нүүрс импортолж буй боомтуудын хяналт нэвтрэлтийг сулруулах найдвар бага гэж үзэж болно. Цаашид Хятад улс нэмэгдэж буй нүүрсний эрэлтээ дотоодын үйлдвэрлэлээр хангах бололтой.

Эдгээрийг нэгтгээд харвал хэдийгээр цар тахал дэгдэж эдийн засаг агшиж байсан ч Хятадын нүүрсний импорт нэмэгдсэн шалтгаан нь үнэ хямдарсантай холбоотой бөгөөд сүүлийн хагас жилд эдийн засаг сэргэж нүүрсний үнэ нэмэгдэх үеэр дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэх гэсэн бодлого барьж байж магадгүй юм.


[1] World Economic Outlook Update, June 2020 https://www.imf.org/en/Publications/WEO/Issues/2020/06/24/WEOUpdateJune2020

[2] 2020年一季度国内生产总值(GDP)初步核算结果http://www.stats.gov.cn/tjsj/zxfb/202004/t20200417_1739602.html

[3]新冠肺炎疫情或导致2020年中国经济增速急剧下滑,2021年有望回升 https://www.adb.org/zh/news/prc-growth-fall-sharply-2020-due-covid-19-recover-2021

[4]调查:中国今年经济增速预估上修至2.2% 中美关系等仍是不稳定因素 https://cn.reuters.com/article/poll-china-economy-gdp-us-relation-0724-idCNKCS24S018

[5] 调查:中国今年经济增速预估上修至2.2% 中美关系等仍是不稳定因素 https://cn.reuters.com/article/poll-china-economy-gdp-us-relation-0724-idCNKCS24S018

[6]黄益平:疫情后中国经济的两大亮点和两类风险 https://vip.jianshiapp.com/articles/3595168

[7]中国煤炭工业协会发布《2019煤炭行业发展年度报告》 预测下半年煤炭需求好转 http://news.cnstock.com/news,bwkx-202005-4533131.htm

[8] 2019 年中国煤炭工业经济运行报告  http://lwzb.stats.gov.cn/pub/lwzb/gzdt/202005/W020200528770641842151.pdf

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.

Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.

Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн  төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн  зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000  орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад  авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал8 цаг 33 минут

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал8 цаг 48 минут

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...8 цаг 51 минут

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал9 цаг 13 минут

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал9 цаг 20 минут

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал9 цаг 27 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Үйл явдал2026/09/07

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн ...

Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Санал болгох