Үйл явдал
Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа
Манай улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарчээ. Тодруулбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас “Саарал жагсаалт”-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу нь өчигдөр орой гарсан байна. Ингэснээр ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар албан ёсны мэдээллийг өглөө.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр “Монгол Улсыг“ Саарал жагсаалт”-д оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавраа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Манай улсад ФАТФ-аас хэд хэдэн шаардлага тавьсныг бид бүрэн биелүүлсэн буюу хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Тухайлбал,
Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнесийн салбарынхны хяналт, үйл ажиллагаа хангалтгүй байна гэж ФАТФ дүгнэсэн. Тодруулбал, үнэт металл, үнэт чулуу эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн. Үүний дагуу бид алт, үнэт металл эрхлэгчдийг бүртгэлжлүүлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгосон. Мөн хуульч, нотариатчидтай холбоотой бүх зохицуулалтыг тусгай хууль гарган хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын төвшинд яллах дүгнэлт гаргах ажиллагаа Монголын хувьд учир дутагдалтай байна гэж үзсэн. Энэ тухайд тодорхой ажлыг хийж байгаа гэдгийг манай хууль, хяналтын байгууллагууд болох АТГ, цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийнхэн бүх мэдээллээ өгч, тайлангаа хамгаалсан. Монголын төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны хүчинд “Саарал жагсаалт”-аас гарч чадлаа.
Гуравдугаарт, өнгөрсөн нэгдүгээр сард Бээжинд болсон тайлангийн хурлын үеэр дутагдалтай байна гэж үзсэн нэг зүйл нь НҮБ-ын санкцтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд байсан. Үүнийгээ бид маш тодорхой болгож, авч хэрэгжүүлсэн. Ингээд үлдсэн гурван асуудлаа манай улс амжилттай хамгааллаа. Нэмж хэлэхэд, өнөө өглөө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Фитч” агентлагаас хэвээр үлдээснээ зарласан гэдгийг мөн дуулгая” гэлээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2022/05/10
Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 39 цэг ажиллана
-
Дэлхий нийтээр..2021/05/11
Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ...
-
Үйл явдал2022/02/21
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Үйл явдал2022/02/28
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
