Үйл явдал
Хотын дарга Б.Пүрэвдагва Түргэний гол орчмын үерийн эрсдэлтэй бүсэд ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Түргэний гол орчмын үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо.
Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгосон бөгөөд өнөөдөр 20 орчим өрх газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд голын ай савын урсац өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсгалын чиглэл өөрчлөгдөн, үерийн эрсдэл эрс нэмэгджээ.
2009 онд болсон үерийн үеэр хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн аюул нүүрлэх болж, ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад ихээхэн хохирол учирдаг болсон байна. Мөн үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж, иргэдийн хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг талаар тариаланчид хэлжээ.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” хэмээн ярьсан байна.
Мөн иргэдийн төлөөлөл авто зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон тул инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Үүнтэй холбогдуулан Б.Пүрэвдагва холбогдох байгууллагуудад асуудлыг иж бүрэн судалж, инженерийн шийдэл боловсруулах үүрэг өгсөн байна.
Тэрбээр үерийн эрсдэлийг зөвхөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан геодезийн болон усны барилга байгууламжийн иж бүрэн судалгаа хийж, шаардлагатай инженерийн шийдлийг боловсруулахыг үүрэг болгожээ.
Мөн үерийн дараах ариутгал, халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан болон бусад дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна.
Үйл явдал
Kharkhorum Festival - Хэвлэлийн бага хурал
Үйл явдал
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Үйл явдал
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
-
Дэлхий нийтээр..2025/08/20
Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүд...
-
Үйл явдал2019/06/23
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
-
Дэлхий нийтээр..2023/10/11
Дамбадаржаа дэд төвийн дулааны станцын гэрээг үзэглэв
-
Дэлхий нийтээр..2021/06/03
Зорилтот бүлгийн иргэдэд "Файзер" вакцин хийж байна
