Үйл явдал
Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулна
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүенийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал өнгөрсөн арван хоёрдугаар сард болж Монгол Улс "Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай" тогтоолыг санаачилж, Норвеги, Гана, Албани улстай хамтран зохиогчоор оролцсон.
Энэхүү тогтоолыг 2026-2027 онд хэрэгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2026 оны 220 дугаар тогтоолоор баталсан. Төлөвлөгөөний дагуу Сонгуулийн ерөнхий хороо "Нээлттэй нийгэм форум"-тай хамтран ирэх есдүгээр сарын 22-24-ний өдөр олон улсын дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Олон улсын дугуй ширээний уулзалт нь улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын шинэчлэлийн хэрэгжилтийг ахиулах зорилгоор хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах практикийг сайжруулах, институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, эрсдэлд суурилсан арга хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ практик туршлага бүхий мэргэжилтэн, хяналтын байгууллага, бодлого боловсруулагч, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийн харилцан туршлага солилцоог дэмжинэ.
Тус арга хэмжээ нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11/7 дугаар тогтоолыг бодитой хэрэгжүүлэх практик арга замуудыг хэлэлцэх, цаашдын олон улсын удирдамж болон хэрэгжилтийн хэрэгслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх талбар болохын зэрэгцээ Азийн шинэчлэлд чиглэсэн улс орнуудыг бодит алхам хийхэд сайн туршлага болох ач холбогдолтой.
Уг арга хэмжээг зохион байгуулахад Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Транспэрэнс Интернэшнл, Нээлттэй засгийн түншлэл /Open government partnership/ зэрэг олон улсын байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, Австрали, Канад, Норвеги, Англи, Япон, Молдав, Индонез, Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг 20 гаруй улс оролцох юм.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ыг уг арга хэмжээнд оролцохыг урьж, санал солилцсон юм. UNODC-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүен Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын тогтоолын ач холбогдлыг онцлоод олон улсын уулзалтад оролцохоо илэрхийллээ.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, гадаад харилцаа хариуцсан референт Б.Уянга болон "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар оролцов.
Үйл явдал
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, талын нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15–20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 9–14 хэм, бусад нутгаар 4–9 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 3–5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 20-ноос
2026 оны арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сум, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Төв аймаг, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.1–2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.
21-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20–25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10–15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.
Үйл явдал
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.
Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2025/12/03
Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардл...
-
Үйл явдал2020/12/07
Оюутнуудыг шинжилгээнд хамруулах хуваарь
-
Үйл явдал2023/11/07
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Дэлхий нийтээр..2023/10/11
Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа
