Үйл явдал
Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлтийн үеэр төслийн хүрэх үр дүнгийн талаар онцоллоо.
Тухайлбал, Мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац хэтэрч, малын ашиг шим буурснаас отор нүүдэл хийхээс өөр аргагүй болсон, малын өвчлөл нэмэгдсэн гээд шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсан. Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлыг нэг нэгээр нь шийдэх гэж явдаг байсан бол одоо цогцоор нь шийдэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ бол амьдрал, практик дээр хэрэгжээд бодитой үр дүн нь гарсан төсөл. Үүнийг улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт нэвтрүүлье гэдэг том зорилго тавьж байгаа. Төсөл хэрэгжих аймаг, сум, багийн Засаг дарга нар орон нутагтаа малчдаа зөв удирдаж, манлайлан ажиллаасай гэж хүсэж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төсөл эдийн засаг, нийгмийн олон чухал үр өгөөжийг авчирна. Малын эрүүл мэнд, чанарт ахиц гарч, малын ашиг шим сайжирснаар малчин өрхийн орлого нэмэгдэнэ, залуус өсөж төрсөн нутагтаа нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн аж төрөх хүсэл сонирхол сэргэнэ. Байгаль, цаг уурын эрхшээлд бус өөрсдийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр тогтвортой мал аж ахуй эрхлэх боломж бүрдэнэ.
Ирэх намар есдүгээр сарын 15 гэхэд энэ төслийн эхний үр дүн гарна. Дараа жилийн хавар бид төсөл хэрэгжих 17 аймаг, 25 багийн тоог 160 баг болгож нэмэгдүүлнэ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт хэрэгжүүлнэ. Ингэж чадвал мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт том ахиц гарна. Малын ашиг шим, түүхий эдийн чанарт дэвшил гарна. Эцсийн дүнд нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ.
Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас багийн Засаг дарга хүртэл нэгэн сэтгэлээр хамтарч ажиллаж гэж уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2023/10/10
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал нийт 174.720 зорчигч хүлээн ав...
-
Дэлхий нийтээр..2025/02/20
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
-
Дэлхий нийтээр..2020/11/19
Корпорацийн авлигын талаар судалгаа хийх шаардлага их байна
-
Тод зураг2019/11/28
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
