Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Тус компани “Атрын-4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.
Улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.
Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ.
Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тонн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.
Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерэгээр нөлөөлжээ.
Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.


Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
АНУ ухарсан уу: Хормузын бүс дэх завсарлага юу өгүүлж байна вэ
Ирантай холбоотой хурцадмал байдал намжаагүй энэ үед АНУ-ын цэргийн ажиллагаа сүүлийн өдрүүдэд саарч, зарим чиглэлд түр зогссон нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн “АНУ ухарсан уу?” гэсэн асуулт олон нийтийн дунд гарч эхэллээ.
АНУ тавдугаар сарын эхнээс Хормузын хоолойд саатсан хөлөг онгоцуудыг хамгаалан нэвтрүүлэх ажиллагаа явуулсан. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд үүссэн саатлыг арилгах зорилготой байв. Харин удалгүй уг ажиллагаагаа хэсэгчлэн саатуулж, хэлэлцээрт илүү анхаарах хандлага ажиглагдав.
Гэвч энэ өөрчлөлтийг шууд “ухралт” гэж дүгнэхэд эрт. АНУ бүс нутагт цэргийн хяналтаа хэвээр хадгалж, шаардлагатай тохиолдолд дарамтаа нэмэгдүүлэх боломжтой байр суурь баримталж байна. Өөрөөр хэлбэл, бүрэн зогсолт бус, тодорхой зорилготой завсарлага гэж ойлгож болно.
Хормузын хоолой бол дэлхийн нефтийн урсгалын гол зангилаа. Тус бүсээр дамжих нийлүүлэлтэд саад гарвал олон улсын зах зээлд шууд нөлөөлдөг. Иймээс АНУ-ын алхам зөвхөн цэргийн хүрээнд бус, эдийн засгийн томоохон үр дагавартай.
Нөгөө талд Иран энэ бүс дэх нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж, гадаадын цэргийн оролцоог эсэргүүцсээр байна. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад бэрхшээл учруулж, хоёр талын итгэлцлийг сул хэвээр байлгаж байна.
Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал, аль аль тал тодорхой хэмжээнд болгоомжтой байр суурь баримталж, хурцадмал байдлыг хэт өргөжүүлэхээс зайлсхийж буй дүр зураг ажиглагдана. Гэхдээ бүс нутагт эрсдэл бүрэн арилгагдаагүй хэвээр.
Ийнхүү АНУ-ын энэ алхам нь ухралт гэхээс илүүтэй нөхцөл байдлыг ажиглах, дараагийн шийдвэрт бэлтгэх завсарлага мэт харагдаж байна. Харин энэ завсарлага энхийн хэлэлцээнд хүргэх үү, эсвэл дараагийн хурцадмал үеийн өмнөх нам гүм байдал болох уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох төлөвтэй.
-
Дэлхий нийтээр..2020/06/24
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал өглөө
-
Дэлхий нийтээр..2025/09/23
“Байнгын ажиллагаатай парламент-35 жил” архивын баримтын цахим үзэсгэлэн нээ...
-
Хэн юу хэлэв...2023/01/20
Зурхайч Д.Сайнсайхан: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан жил г...
-
Дэлхий нийтээр..2020/11/18
Монголбанк мэдэгдэл гаргалаа
