Дэлхий нийтээр..
“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Аз “НЗДТГ-тай хамтран баталсан төлөвлөгөө нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдол болон хяналт, ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд чиглэж байна. Төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 20 агентлагийн анхан шатны нэгжийн 2304 албан хаагч, үйлчилгээ авсан 1489 иргэн, хуулийн этгээдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, нийт 77794 өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. Мөн иргэдийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, үйлчилгээний үйл явцын ойлгомжтой байдал, шийдвэрлэлтийн чанар, сэтгэл ханамжийн түвшнийг хамруулан судалсан. Судалгааны дүнгээс үзэхэд өргөдөл, гомдлын 94–98 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байгаа ч иргэдийн сэтгэл ханамж 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байна. Ялангуяа газар, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол түлхүү ирсэн байсан. Энэ нь асуудлыг зөвхөн хугацаанд нь бус чанартай, үр дүнтэй шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Чанаргүй шийдвэрлэсэн гомдол дараагийн шатны гомдлын үндэс болж, иргэдийн төрийн байгууллагад дахин хандах давтамж нэмэгдэхийн хэрээр сэтгэл ханамж буурах хандлага ажиглагдсан” гэв.
Иргэдийн зүгээс албан хаагчийн харилцаа, хандлага хангалтгүй, үйлчилгээний процесс ойлгомжгүй, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэл тодорхой бус гэсэн санал илэрхийлжээ. Харин албан хаагчид иргэдийн мэдээлэл дутмаг байдал, харилцааны хүндрэл нь ажлын ачаалалд нөлөөлж байгааг онцолсон байна. Иймд үйлчилгээний процессыг илүү ойлгомжтой болгох, шаардлагатай мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байршуулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн захиргааны байгууллагуудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, цаашид хэрэгжилтийн үр дүнг дахин сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлэхээр болов.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас байгууллага бүрийн салбарын онцлогт нийцүүлсэн богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах чиглэл өглөө.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
-
Дэлхий нийтээр..2023/05/01
Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
-
Дэлхий нийтээр..2025/07/02
100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
-
Дэлхий нийтээр..2025/08/21
Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих ц...
-
Үйл явдал2022/07/26
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
