Дэлхий нийтээр..
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
Сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Нийслэлийн аварга фермер”-үүдийг тодрууллаа. 10 фермер “Нийслэлийн аварга фермер”-ээр шалгарсан бөгөөд энэ үеэр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн “Ар гүнт Марцат” хоршооны дарга Т. Шагдарсүрэн шагнууллаа.

Нийслэлийн аварга фермерүүд:
- Багануур дүүргийн нэгдүгээр хорооны фермер Ж.Намшир
- Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны фермер Н.Рагчаа
- Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер “Энх-Анунгоо” ХХК
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Х.Эрдэнэбилэг
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер С.Анхбаяр
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны фермер “Ар үр” ХХК
- Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Б.Эрхэмбилэг
- Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Д.Тогтохбаяр
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл, фермер эрхлэгчдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, шагнаж, урамшуулдаг уламжлалтай билээ. НЗДТГ-аас “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай фермер эрхлэгчдийн идэвх оролцоо ихээхэн чухал. НЗДТГ-аас 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, өрхөд бодит дэмжлэг үзүүлэх, сүүний чиглэлийн цэвэр үнээний тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням “Би фермер ажиллуулаад хоёр жил болж байна. Мах, сүүний чиглэлээр Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн аварга фермер болсондоо их баяртай байна” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа “Аав ээж, ачит мал сүргийнхээ буянаар энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Би Завхан аймгийн Сонгино суманд нутагтаа мал маллаж байгаад 2017 оноос хойш энд фермерийн үйл ажиллагаа явуулж байна. Сэтгэл өндөр байна” гэлээ.











Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
