Дэлхий нийтээр..
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн дор болж байна.
Энэ удаагийн цугларалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.
Батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ахиц, дэвшил гарч байгааг тэмдэглэлээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллах чадавх нэмэгдэж, аюул, эрсдэлийг нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр даван гарах, төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж, нөөцөө үе шаттай нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэв.
Бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо болон аливаа хямрал, сорилтыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа улам сайжруулах ёстойг хэллээ.


Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа.
Үүнтэй уялдуулан батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах стратеги, цэргийн номлол, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.


Төрийн тэргүүн “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” хөдөлгөөн, төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг бүх шатны захирагч, дарга нарт даалгалаа.
Ерөнхийлөгч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, албаа нэр төртэй хааж байгаа нийт бүрэлдэхүүнд болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг дээдэлж явахыг сануулж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарсан.
Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.



Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/03/19
УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа
-
Үйл явдал2022/11/23
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Хэн юу хэлэв...2020/08/26
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компани...
-
Чөлөөт бүс2025/08/08
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
