Хэн юу хэлэв...
Япон Улс зарим оронд зорчсон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй
Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 00.00 цагаас (японы орон нутгийн цагаар) "Цагаачлалын хяналтын тухай хууль" -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн Япон Улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хориглов.
Үүнд:
Албани, Армени, Израил, Индонез, Их Британи, Эквадор, Египт, Австрали, Канад, БНСУ, Умард Македон, Кипр, Грек, Хорват, Косово, Конго, Кот д’Ивуар, Сингапур, Словак, Серби, Тайланд, Тайвань, Чех, БНХАУ (Хонконг, Макао), Чили, Доминика, Турк, Шинэ Зеланд, Панама, Унгар, Бахрайн, Филиппин, Финланд, Бразил, Болгар, Бруней, АНУ, Вьетнам, Босни-Херцеговин, Боливи, Польш, Малайз, Молдова, Марокко, Монтенегро, Маврики, Латви, Литва, Румын.
Японы орон нутгийн цагаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнө дундын 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглосон Европын 21 улс (Ирланд, Андора, Итали, Эстон, Австри, Нидерланд, Швецари, Швед, Испани, Словени, Дани, Герман, Норвеги, Ватикан, Франц, Бельги, Португаль, Мальт, Монако, Лихтенштейн, Люксембург) болон Иран улс.
Мөн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө дундын 00.00 цагаас эхлэн дэлхийн нийт улс орноос Япон Улсад зорчих дотоодын болон гадаадын иргэдийг Хорио цээрийн албанаас тусгайлан заасан газарт 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд байх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоод буй. Уг хязгаарлалт 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хугацааг дахин сунгах магадлалтай буй.
Дэлхийн бүхий л улсуудад суугаа Япон Улсын ЭСЯ эсхүл Ерѳнхий консулын газраас 4 дүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон нэг удаагийн болон олон удаагийн “виз”-ийг хүчингүй болгов. Мөн Япон Улсад визээс чөлөөлөх тохиролцооны дагуу визээс чөлөөлөгдөх эрх бүхий гадаадын иргэдийг Япон Улсад визгүй зорчих эрхийг 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл цуцлав.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
