Дэлхий нийтээр..
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж, Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занднаншатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөн ажиллах талаар харьяа байгууллагын удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах;
- Төрийн байгууллагын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж, хүүгийн төлбөр, хүүхдийн мөнгө, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, онцгой байдлын байгууллагын шаардлагатай урсгал зардлыг тэргүүн ээлжид, бусад зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрэмбийн дагуу санхүүжүүлэx;
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлтгэхгүй байх;
- Тэвчиж болох дараах арга хэмжээ, зардлын санхүүжилтийг 2025 он дуустал хугацаанд зогсоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай байдлаар зохион байгуулах;
Хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
