Тод мэдээ
Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамруулжээ.
Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж байгууллага (2032 гадаадын иргэн), 3 уригч иргэн (3 гадаадын иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан байна.
Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Тод мэдээ
103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагаас 23-ны өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийт 2257 дуудлагад үйлчилсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөлттэй холбоотой дуудлага ихсэж байгаа тул та бүхэн өвчлөлөөс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахина уу.
Төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч бидний ажилд туслана уу.
Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн манаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа.
Тод мэдээ
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.
Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмэлтээр дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үед орны тоог 1500-аас дээш нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрөөс 23 хувийн өсөлттэй байна. Энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгч эзэлдэг бол өнөөдрийн байдлаар энэ харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.
Уртасгасан цагийн хуваарь:
- Ажлын өдөр: 08:30-20:00 цаг
- Амралтын өдөр: 11:00–18:00 цаг
- Бүх нийтийн амралтын өдөр: 11:00–17:00 цаг хүртэл ажиллана.
Мөн Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой юм.
Тод мэдээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Нийслэлийн зуслангийн бүсэд эмх замбараагүй, стандартгүй хашаа ихээр барьснаас үүдэн амьтад хүнээс, зэрлэгшсэн нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд сүлбүүлэх, хавчуулагдаж хорогдох тохиолдол гардаг.
Тодруулбал, 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогджээ. Тиймээс НБОГ-аас Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг батлуулж, энэ оны 10-р сарын 1-нээс хэрэгжүүлж байна.

НБОГ-ын Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар “2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогдсон. Эдгээрээс 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон хариун буга байна. Энэ нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол байгальд учруулсан гэсэн үг юм. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг боловсруулж, батлуулсан. Улмаар уг стандарт 2025 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Стандартад хашаа 1.2 метрээс өндөргүй байх, газрын гадаргаас 45 см-ийн зайтай буюу жижиг биетэй амьтан шургаж гарах боломжтой байх ёстой гэж заасан. Мөн хашааны төмөр хоорондын зай долоон см байхаар тусгасан. Тиймээс иргэн, ААН-ийн хашааг стандартад нийцүүлэхээр мэдэгдэл хүргүүлж байна. Зуслангийн бүсэд оршин суудаг, үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-үүд зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг өмчийн хэлбэр үл харгалзан заавал мөрдөхийг уриалж байна” гэв.

НБОГ-ын амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баньд “Нийслэлийн хэмжээнд 2018-2025 онд 700 орчим дуудлагаар 800 орчим амьтныг авран хамгаалж буцааж байгальд нь тавьсан. Эдгээрийн 200 орчим нь гэмтэж, бэртэж, тусламж авсан. Амьтдыг нийслэлийн ногоон бүсэд оруулахгүй байхын тулд жил бүрийн хавар болон намрын улиралд тухайн амьтны байршил нутагт нь буюу нийслэл орчмын найман байршилд 18 цэгт биотехникийн арга хэмжээ авдаг. Тус ажил үр дүнгээ өгдөг” гэв.


-
Өнөөдөр2020/09/24
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Өнөөдөр2024/12/20
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Тод мэдээ2024/06/06
Бүгд Найрамдах Латви Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа
-
Тод мэдээ2023/11/22
Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдл...
