Үйл явдал
Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2025 оны аравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр 6-11 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 24-нөөс 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр ялимгүй цас, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 5-10 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.
Үйл явдал
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Үйл явдал
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



Үйл явдал
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
-
Дэлхий нийтээр..2023/10/26
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг олон нийтэд сурталчлах ажил үргэлжил...
-
Үйл явдал2025/10/13
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/08/07
Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид ...
-
Тод зураг2020/01/15
Бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгоно
