Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монголын нэр хүнд, хөрөнгө оруулалтын шинэ гарц- COP17

Огноо:

,

2026 оны наймдугаар сарын 17-28. Эл өдрүүд Монгол Улсын хувьд ихээхэн чухал. Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хөрөнгө оруулалтын шинэ гарц бий болох үе. Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Цаг хугацааны хувьд хол мэт боловч бэлтгэл ажил, бэлэн байдлаа хангах тухайд аль хэдийн хаалга тогшсон.
COP17 буюу голлон хэлэлцдэг асуудал
Манай улс 1994 онд баталсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод 1996 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцод нэгдэн орсон талуудын бага хурал хоёр жилд нэг удаа болж, зохион байгуулах улсыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэ зарчмаар 2022 онд Кот-д’Ивуар улсын Абижан хотноо болсон талуудын 15 дугаар бага хурлаар 16 дугаар бага хурлыг Саудын Араб, харин 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Талуудын бага хурал 10-12 хоногийн хугацаанд үргэлжилж, ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын түншлэл, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг.
Бодлого төлөвлөлт ба санаачилга
Тэгвэл Монгол Улс ямар бодлого төлөвлөлт, санаачилгыг дэвшүүлэхээр боловсруулж байна вэ. Талуудын бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар болон сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг. Гэхдээ зөвхөн Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай тул бүс нутгийн болон олон улсын хэмжээнд санаачилга боловсруулах замаар үр ашиг хүртэх боломжтой гэж үзэн “STEPPE ACTION AGENDA” олон улсын урт хугацааны стратегид суурилсан гурван санаачилгын багцыг боловсруулж эхэлжээ. Тухайлбал, бэлчээрийн тэргүүлэх, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг багтаасан байна.
Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд байгаль орчны хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг бүхий хувьсал, хүлэмжийн хийн шингээлтийн худалдаа, газрын нөхөн сэргээлт, малчдын амьжиргаа, AI технологийг нэвтрүүлэх замаар мониторинг хяналт хийх зэрэг төслийг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Харин ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилгын хүрээнд говийг усжуулах төслүүдийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх, хээр тал экосистемийн гадаргын усны менежментийг нэмэгдүүлэх, гадаргын болон гүний усны зохистой ашиглалт хадгалалт, усны томоохон сав газруудыг тэтгэх төслийг багтаажээ. Тус хурлыг зохион байгуулсан улс орон дараагийн хурал болтол конвенцыг даргалдаг. Энэ зарчмаар Монгол Улс COP17 хурлаас хойш 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой юм.
Нийгэм, эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ
Эл асуулт иргэд, олон нийт төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагын ч анхаарлыг татаж буй.
Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж буй. Хурлаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой.
Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна. Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар тодорхой санаачилгуудыг танилцуулахаар "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд боловсруулж эхэлсэн байна.
Ер нь COP17 бага хурлыг зохион байгуулснаар байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх тодотголоо. Тэрбээр “Эл хурлыг хөгжингүй бус хөгжиж байгаа улс оронд түлхүү зохион байгуулдгаараа онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх явдал юм. Хуралд хамгийн багадаа 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бүх хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломж арвин гэж ойлгож болно. Хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь зүйтэй” хэмээв. Мөн орон нутаг руу чиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих боломж ч байгаа аж. Түүнчлэн НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт 3000-8000 түр ажлын байр бий болдог гэж үздэг байна.
Бэлтгэл ажил ба барилга байгууламж
Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрээр талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах цогцолбор барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулахаар болсон.
Тус цогцолбор ойролцоогоор 27 га талбайг хамрах бөгөөд ингэхдээ албан ёсны хэлэлцээ явагдах "Цэнхэр бүс", олон нийтэд нээлттэй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах “Ногоон бүс” гэсэн хоёр чиглэлтэй байх аж. Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайжаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбайг түрээсэлснээр цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1, ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 64.1 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой аж. Энэ талаар “COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “Хүлээн авагч орны хэлэлцээрийн хавсралтад ямар хэмжээ дамжаатай хэчнээн барилга байгууламж байх вэ гэдгийг нарийн тусгасан байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж загвар зурагтай танилцан үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. НҮБ-ын тавьж буй шаардлагыг хангасан компани үндсэн гүйцэтгэгчээр орж ирэх бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжийг гэрээ хэлэлцээрийн хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна” гэлээ.
Тус хурал болох барилга байгуламжийн загвар нь тогтвортой хөгжлийн зарчмыг тусган, байгаль орчинд ээлтэй шийдэл, хүртээмжийг ханган, ногоон барилгын шилдэг жишгийг харуулахад чиглэжээ. Одоогоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, эрчим хүч, цэвэр, бохир ус, интернетийн дэд бүтцийг холбох ажлыг эхлүүлсэн байна. Цогцолборыг байнгын бус түр угсрах, татан буулгах боломж бүхий шийдлээр гүйцэтгэх бөгөөд 2026 оны гуравдугаар сараас эхлүүлж, зургадугаар сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Шаардлага ба шаардлагатай санхүүжилт
Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн газартай энэ оны хоёрдугаар сард “Хүлээн авагч улсын хэлэлцээр” байгуулсан бөгөөд үүнд тусгасан стандартын дагуу бүхий л зохион байгуулалтыг бэлтгэх үүрэгтэй. НҮБ-аас тавьж буй стандартын дагуу бэлтгэл ажлыг хангах учиртай. Тухайлбал, барилга байгууламжийн бэлэн байдал, түүний доторх тохижилт, үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой шаардагдах зүйлс, хурлын байрны тохижилтоос гадна хэвлэл мэдээллийн төв, бизнес төв, тэдгээрт хамааралтай техник, тоног төхөөрөмж, хуралд оролцогч төлөөлөгчдийн аюулгүй байдал, хамгаалалт, эрүүл мэнд, шаардлагатай хангамжийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах гээд олон ажлууд ар араасаа хөвөрч байна. Энэ мэт шаардлагатай ажлуудыг хэлэлцээрт тусгасан стандартын дагуу бүрэн дүүрэн гүйцэтгэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ. Тодруулбал, талуудын бага хурлыг зохион байгуулах үндсэн нэгж болох Үндэсний хорооны гишүүнээр ажиллаж буй төрийн байгууллагуудын шууд болон шууд бус хариуцах арга хэмжээг тооцоолон 2026 оны төсөвт 302 гаруй тэрбум төгрөгийг суулгах хүсэлтийг Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас хүргүүлсэн байна.
COP17 хурлыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг энэ оны болон ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан тухайд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “COP17 хурлыг зохион байгуулахтай холбоотой БОУАӨ-ийн сайдын 2025 оны төсөвт 50 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд үүний эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Харин 2026 оны төсөвд 200 гаруй тэрбум төгрөг тавигдаж байгаа. НҮБ-аас тавьж буй стандартын шаардлагын дагуу барилга байгууламж барих ёстой. Энэхүү барилга байгууламжид зарцуулах шаардлагатай 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БОУӨ-ийн сайдын багцад тавьж өгч байгаа. Үүнийг хэрэгжүүлэгч нь нийслэлийн Засаг дарга. Хэрэв, энэхүү санхүүжилт ийм байдлаар батлагдвал ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр шилжүүлнэ. Харин НҮБ-аас ирүүлсэн стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж болон бусад техник хангамж худалдан авахад 67 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвт тавигдаж байгаа.
COP17 хурал бол нэр төдий зүйл биш. Үүнд зарцуулсан санхүүжилтийг үр бүтээлтэй зарцуулах ёстой. Монгол Улс 100 орчим сая ам.доллар зарцууллаа гэж бодоход үүнийг хамгийн багадаа арав, хорь дахин боломж байвал түүнээс ч их хэмжээний хөрөнгө оруулалт татах төсөөлөлтэй ажиллаж байна” хэмээн тайлбарлав.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.

2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.

GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав

Огноо:

,

Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.

АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.

Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.

Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.

Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна

Огноо:

,

Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.

Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.

Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.

Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.

Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.

Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.

Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.

Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.

 

Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.

“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.

Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.

Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.

Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.

Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.

Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.

Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.

Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.

Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Үйл явдал2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Хэн юу хэлэв...2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Үйл явдал2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Хэн юу хэлэв...2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Үйл явдал2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Хэн юу хэлэв...2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Үйл явдал2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Дэлхий нийтээр..2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Үйл явдал2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Үйл явдал2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Үйл явдал2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Үйл явдал2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Үйл явдал2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Үйл явдал2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Үйл явдал2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Үйл явдал2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Үйл явдал2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Хэн юу хэлэв...2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Үйл явдал2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Үйл явдал2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Үйл явдал2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Үйл явдал2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Үйл явдал2026/10/29

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Үйл явдал2026/10/29

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Үйл явдал2026/10/29

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Үйл явдал2026/10/29

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Дэлхий нийтээр..2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Санал болгох