Үйл явдал
Энэ 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны есдүгээр сарын 22-ноос
2025 оны аравдугаар сарын 01-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 24-нөөс баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн аймгийн нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3- 8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 22-23-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 22-23-нд сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Үйл явдал
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үйл явдал
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

