Дэлхий нийтээр..
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-д Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд бараалхлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл эрхэмсэг ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байна хэмээгээд, 2025 оны 02 дугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Шинэ Зеланд Улсад айлчлах үеэр тус улсын парламентын гишүүд халуун дотно хүлээн авсанд дахин талархал илэрхийлэв.
Тэрбээр Шинэ Зеланд Улсын парламентын туршлагыг нэвтрүүлэн 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулан Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчилсөн талаар дурдав.
Мөн Монгол, Шинэ Зеланд улсууд парламентын ардчиллыг эрхэмлэдэг гэдгийг тодотгоод, тус улсын парламентын туршлагаас суралцаж, ил тод байдал, хяналт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн юм.
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли, Хоёр орны парламентын гишүүдийн тоо ойролцоо, тулгарч буй сорилтууд ч ижил төстэй хэмээгээд, хоёр улсын хооронд ардчилсан засаглалын талаар яриа хэлэлцээ явуулахыг дэмждэгээ илэрхийлэв.
Эрхэмсэг ноён Жерард Браунли манай хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж ирснийг дурдаад, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх асуудлаар харилцан туршлага судалж ирснийг тодотголоо.
Уулзалтын үеэр сонгуулийн холимог тогтолцооны давуу тал, тулгарч буй сорилт, парламентад суудалтай намуудын онцлог, хоёр улсын парламентын төстэй болон онцлог талуудын талаар санал солилцов.
Уулзалтад УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Г.Ганбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Чөлөөт бүс2022/11/14
Цаашид шинээр баригдаж буй орон сууцны хороолол дунд заавал цэцэрлэгийн барилга ...
-
Дэлхий нийтээр..2025/07/30
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 18 хүүхэд осолд өртжээ
-
Дэлхий нийтээр..2023/03/14
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой холбогдох журмуудыг баталлаа
-
Үйл явдал2025/05/19
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
