Тод мэдээ
ЗГ: Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж, Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.
Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.
Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.
Тод мэдээ
Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ
Нийслэлээс утааг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд 2028 оныг хүртэлх хугацаанд гэр хорооллын янданг цөөлөх, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор LNG, LPG газын хэрэглээг нэвтрүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирэх намар гэхэд Чингэлтэй дүүргийн Гандангийн дэнж орчмын 5000 айлыг LPG газад шилжүүлнэ.
Галладаг биш газаар халаалт бусад хэрэглээгээ зөв зохистой шийдэх боломжийг эрэлхийлж байгаа энэ үед НИТХ-ын дарга А.Баяр ОХУ, БНХАУ-ын зочдыг хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо. Зочдын дунд ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков, Эрхүүгийн газрын тосны компанийн ерөнхий захирлын орлогч Никита Константинович Поздняков, БНХАУ-ын “Шандон Шинке” Холдинг компанийн Ерөнхий захирал Ин Бээжин, Хятадын төмөр замын 25-р товчооны хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий менежер Зао Сиюуан, Шинэ бүсийн Хэнгчин Наняанг химийн үйлдвэрийн дарга Дэнг Шиаминг-Зухайя зэрэг албаныхан байв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот утааны асуудлаа шийдэхийн тулд тодорхой бодлого гаргаад, үе шаттай хэрэгжүүлээд эхэлж байна. Үүний нэг хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдээ орон сууцжуулах, хатуу түлшний хэрэглээг бууруулах, хийн түлшний хэрэглээ рүү шилжих. Өнгөрсөн өвөл гэхэд л 172 мянган айл нүүрс түлж утаа гаргасан. Тиймээс 2028 он хүртэл айл өрхийг үе шаттай газын хэрэглээнд шилжүүлнэ” гэв.
ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев “Манай Иркутск бүс нутагтаа газын хэрэглээний томоохон төлөвлөгөө гаргаад, тасралтгүй ханган нийлүүлэлт хийж ажилладаг. ОХУ, Эрхүү мужаас гадна гуравдагч улс руу газ нийлүүлэх зорилготой. Тиймээс Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллах, хийн газ нийлүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Хийн газын аюулгүй, зөв хэрэглээтэй холбоотой мэдээллийг иргэдэд өгөх, айл өрхүүдээ мэдээлэлжүүлэхэд бид анхаарна. Хийн газыг нэвтрүүлэхэд ямар түвшинд хамтарч ажиллах, ойлголцох, хэрхэн тасралтгүй, аюулгүй тээвэрлэх, төхөөрөмж, дэд бүтцэд холбоход инженерүүдээ сургах вэ зэрэг асуудал бий” гэлээ. Зочид хийн газын аюулгүй хэрэглээ болон бусад асуудлаар бүхий л түвшинд хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, Иркутск-Эрхүү-Москва хот дахь хийн газын үйлдвэртэй газар дээр нь очиж танилцаж, туршлага судлахыг урилаа.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхэд голын усанд живж нас баржээ
Урин дулаан зуны дэлгэр цагт хэн хүнгүй л агаар салхи, гол нуурын эрэг бараадаж үр хүүхдээ зугаацуулж, алжаал ядаргаагаа тайлахыг хүснэ. Гэвч энэ үедээ “анхаарал” гэдэг зүйлийг умартчихдаг бололтой. Ганцхан сарын дотор буюу энэ долоодугаар сард 43 хүн гол, нуурын усанд живж харамсалтайгаар амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.
Тухайлбал, энэ сарын 28-ны өдөр “Гачуурт минж үржүүлгийн урд голын усанд хүүхэд живсэн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 3 настай, эрэгтэй хүүхэд голд живж нас барсан байна.
Эцэг эхчүүдээ! Асран хамгаалагчдаа!
Энхрий бяцхан хүүхдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө хариуцлагатай байцгаая. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тод мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 30 см орчим даван үерлэж байна.
02-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
2025-08-01