Дэлхий нийтээр..
“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ
Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (07/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо.

Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.

Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн Жэй Си Ай Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Жэй Си Ай Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ.
Мөн Жэй Си Ай Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улсаас оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор "Олон улсын хүний үүргийн өдөр" болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа.

Монгол Улс ийнхүү “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.














Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/08/21
Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хамтарч ажиллана
-
Үйл явдал2021/11/29
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2019/10/30
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
-
Үйл явдал2025/01/02
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
