Үйл явдал
Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Долоодугаар сарын 07, 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.
2025 оны долоодугаар сарын 06-ны 20 цагаас
2025 оны долоодугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Үйл явдал
Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.
Үйл явдал
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үйл явдал
"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт" сургалт зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас БНХАУ-ын Бээжин хотын Усны аж ахуйн газартай хамтран “Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ үеэр дэд дарга, хурандаа Д.Хадбаатар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэл, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Сургалтын хүрээнд Бээжин хотын Усны аж ахуйн газрын дарга Лю Бинь тэргүүтэй төлөөлөгчид Туул голын Гачуурт-Сонсголон Био комбинат хэсэгт газар дээрх үзлэг хийж, үерийн хамгаалалтын байгууламжийн нөхцөл байдал, голын ус нэвтрүүлэх чадвар болон ус зайлуулах системтэй танилцсан. Мөн үерийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, хур тунадас болон усны түвшний мониторинг, үерийн урьдчилан сэргийлэх мэдээ, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог боловсронгуй болгох мэргэжлийн чиглэлээр санал, туршлага солилцсон юм.


-
Үйл явдал2023/02/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Чөлөөт бүс2022/06/21
Дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей
-
Хэн юу хэлэв...2026/06/10
Скүүтер, сурроны осолд хяналт тавих, зам, тээврийн салбарынханд хариуцлага чанга...
-
Дэлхий нийтээр..2025/01/03
Толгойт орчимд агаарын бохирдол хамгийн их байна
