Дэлхий нийтээр..
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийлээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх нэр томьёог Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг дэх нэр, томьёотой жигдлэх, төслийн нэгдүгээр зүйл буюу 20.18, 20.19 дүгээр зүйлтэй холбогдуулан зарим найруулгын саналаар дахин санал хураах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн байна. Улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын жигдлэн, хууль зүйн техникийн засваруудыг хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар цахим мөрийтэй тоглоомын хохирлын хэмжээ, олон нийтэд ил болгосон баримтууд, мөн цахим мөрийтэй тоглоомыг хориглох техникийн боломж, хууль бус гүйлгээг эргүүлэн татах бололцоо, хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бий эсэх талаар асууж, хууль боловсруулах техник шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Чөлөөт бүс2021/04/15
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
-
Дэлхий нийтээр..2023/10/25
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
-
Дэлхий нийтээр..2021/06/15
Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ
-
Дэлхий нийтээр..2021/02/05
Ц.Оюунгэрэл: С.Эрдэнийн тамга бол Улсын бүртгэлийн ерөнхий газраар баталгаажсан ...
