Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа. Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.
Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санах юм.
Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн хамтаар Монгол Улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тод мэдээ
Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө
Монгол, Казахстан улс хооронд шинжлэх ухаан, технологи, сансар судлал, хүний эрх, бизнес санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарт анхдагч шинэ санаачлага, албан хэлэлцээ, ажил хэрэгч уулзалтууд ар араасаа өрнөсөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөж, эх орондоо ирлээ.
Нүүдэлчин соёлт хоёр орны олон жилийн түүхтэй дипломат харилцаан дахь албан хэлэлцээний давтамжийг хадгалж, Монголын парламентын удирдлага 22 жилийн дараа тус улсад айлчилсан явдал нь Ази тив дэх найдвартай, чухал түнш улсуудын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх чухал алхам болов.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира,С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, “Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-ыг Астана хотноо хийж, хоёр улсын баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн тогтоосон хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтран ажиллах Санамж бичиг байгуулан эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх түлхэц, суурийг батжуулав.
Мөн хүний эрхийн үндэсний байгууллагууд анх удаа хамтран ажиллах баримт бичиг үзэглэснээр Казахстан Улс дахь Монгол Улсын 4280 гаруй иргэн, тус улсаас манай улсад буй 590 гаруй иргэний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой харилцан ойлголцсон явдал байв. Олон жилийн турш хөндөгдсөн хүний эрхийн зөрчлүүдийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмен хамтран эрх тэгш зарчмаар арилгах эх үндсийг тавилаа.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар дөрвөн өдөр үргэлжилсэн албан айлчлалын үр дүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын удирдлагууд хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь парламент хооронд эрх зүйн үндэс бэхжиж, урьд өмнөх өндөр, дээд хэлэлцээг бататгав. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев, тус улсын парламентын Сенатын дарга М.Ашимбаев, Парламентын Мажилисийн дарга Е.Кожановнартай уулзаж, улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улс хооронд зам тээвэр, логистикийн шинэ гарцыг эрэлхийлж, агаарын тээврийн давтамжийг нэмэх, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловcрол, соёл зэрэг салбарт хамтрахаа илэрхийллээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлээс гадна ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд хөндөн хэлэлцлээ.
Айлчлалын үеэр Казахстан улсын Цахим засаглалын төв, Сансар судлалын үндэсний төв, Олон Улсын Санхүүгийн төв, “Самрук Казына” баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Казахстан Улсын санхүүгийн үйлчилгээний байгууллагатай, Ховд аймаг Дорнод Казахстан мужтай, “СЭЭКЛ” ХХК, “Пладис Казахстан” ХХК, “Мусуби” ХХК, “Meloman Home Video” ХХК зэрэг аж ахуйн нэгж хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар...
Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцолсон.
Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.
Төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхийд тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулахаа илэрхийлсэн.
Түүний дотор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” гэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Эрхэм хүндэт зочид мөн эрийн гурван наадам, шагайн харваа, монгол үндэсний дуу хөгжим, бүжиг бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.
-
Өнөөдөр2023/08/18
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод индэр2024/05/01
Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий
-
Өнөөдөр2022/05/17
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Өнөөдөр2019/05/30
У.Хүрэлсүх ОУПХ-ны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав