Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.