Үйл явдал
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Цасан шуурга: 11-ний өдөр: Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна.
Хүчтэй салхи: 11-ний өдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 6-11 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 12-17 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2024/11/28
БНТУ-ын 12 мужид их хэмжээний цас орж, огцом хүйтэрчээ
-
Дэлхий нийтээр..2025/04/01
198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ
-
Дэлхий нийтээр..2022/03/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
-
Үйл явдал2021/12/01
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна
